Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо гэсэн сайхан мэдээгээр энэ долоо хоног эхэлж байгаа нь тун олзуурхууштай. Ер нь улс төрч байна уу, уран зохиолч байна уу, хаан нь байна уу, харц нь байна уу хамаагүй хүн эрүүл байх нь л хамгийн чухал гэдгийг мэддэг, мэдэрдэг цаг ирж байгаа нь сайшаалтай юм. Ялангуяа эрүүл байхын ач тусыг хүүхэд байхаас нь ойлгуулж, суурь боловсрол олгох болж байгаа нь бүр ч талархалтай хэрэг. Ингээд эрүүл мэндийн салбарт сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг хоёр талын байр сууринаас хүргэж байна.
Өрхийн эмнэлгийнхэн алагчлахгүй байхыг хүсэв
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Өрхийн эмнэлгийнхнийг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан. Хэвлэлийн бага хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарыг ялгаварлан гадуурхахыг зогсоож, өрхийн эмнэлэгт ажиллагсдад төрөөс 300 мянган төгрөгийг алагчлалгүй олгуулах саналыг эрх баригчдын сонорт хүргэх байв.
“Эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болж, энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор хэлэлцээрээр тохиролцон улсын төсөвт 55,4 тэрбум төгрөгийг батлуулсан. Гэтэл гурван талт нэмэлт хэлэлцээрийн үеэр Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй гэж ЭМЯ болон Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэсэн” гэж хэлж байлаа. Тэд 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж тодорхойлсонтой холбоотойгоор төрөөс олгох 300 мянган төгрөгөөс хасагдаад байгаа юм байна. Гэтэл Өрхийн эмнэлгүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын анхан шатны үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч яваа байгууллага байдаг. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээрт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүйгээр 300 мянган төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаа”-гаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Мөн шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд арванхоёрдугаар сарын 8-нд жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн.
Энэ тухайд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Урьд нь гурван талт гэрээ хэлэлцээр хийхэд ингэж ялгаварлаж байсан удаа байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үнэ төлбөргүй өгнө гээд хуульчилсан болохоор өрхийн эмнэлгүүд зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй” гэсэн бол сувилагчдын төлөөлөл “Сувилагч нар вакцинаа ч тарьдаг, физик эмчилгээгээ ч хийдэг. Мөн өрхийн харьяалалд байх хэвтрийн өвчтөнүүдээ ч эргэж тойрч эмчилгээ хийдэг. Давхар ажил хийлээ гээд илүү цалин авдаггүй, сувилагчийн цалингаа л авдаг ч гомдоллож байгаагүй. Тиймээс төрөөс өгөх 300 мянган төгрөгийн нэмэгдлийг алагчлалгүй олгооч гэсэн хүсэлтийг тавьж байна” хэмээсэн.
Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг байна. Нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай, 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэн ноогдож байна. Өдөрт нэг өрхийн эмч сувилагч дундажаар 30-64 хүнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөөс гадна яаралтай 5-7 дуудлаганд явдаг аж. |
Д.Сарангэрэл:Бүх өрхийн эмнэлэгт нэмэлт санхүүжилт өгөхөөр болсон
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа “Өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудад яагаад 300 мянган төгрөг олгогдох боломжгүй болсон” талаар тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ “Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа” хэмээн хэвлэлийнхэнд ханджээ.
Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжинд төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ. Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл юм. Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм.
Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг арванхоёрдугаар сарын 4-нд гаргасан юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Төр, засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож, ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна.
Цаашид Эрүүл мэндийн яам хэн нэгний шахалтгүйгээр эмч,эмнэлгийн ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлээр тууштай ажиллана. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байна. Энэ мэтчилэн эмнэлгийн үйлчилгээ нь ард иргэддээ ойрхон, эмч ажилтнууд нь ажил хөдөлмөртэйгээ уялдсан цалин урамшуулал авах бодит нөхцлийг бүрдүүлж ажиллана.
2018 онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ. Өрхийн эмнэлгүүдийн тухайд оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх болно. Мөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж, өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах зэрэг сонголтууд та бүхэнд байгааг мэдээлж байна. Цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ. |
Эрүүл мэндийн салбар өнгөрсөн долоо хоногт ийн давалгаалсан ч, жагсаал цуглаан хийж, ажил хаялтдаа тулсангүй, тэгсхийгээд намжсан нь салбар хариуцсан сайдын тайлбараас болсон байж ч мэднэ. Ер нь өрхийн эмнэлгийнхнийг хувийн хэвшлийн статустай гэж жийлгүйгээр 300 мянган төгрөг олгоход буруутахгүй мэт санагдана. Ингэхэд Монголын 180,000 гаруй төрийн албан хаагч тус бүртээ 300 мянган төгрөг авахад нийтдээ 60 тэрбум төгрөг болох тооцоо гарчээ. Тэгэхээр 60 тэрбум гэдэг Монголын улс төр хийгээд нийгмийн амьдралд их чухал тоо төдийгүй, түүнийг дагасан хэрүүлийн алим тасрахгүй нь бололтой. Харин эгэл иргэдийн хувьд эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ гэдэг нь л амьдралд илүү ойр сонсогдоод байна даа.
Н.Саранчимэг
Сэтгэгдэл (14)