Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.
Тухайн өдөр Дархан орчихоод буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болсон бөгөөд тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Эрлийн эхний өдөр Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна.
Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.