"Өглөөний шуудан" хэн бүхний ухаанаа уралдуулдаг талбар байх болно
Монголын хэвлэл мэдээллийн салбарт “Өглөөний шуудан” хэмээх эв найрамдал, өв соёлыг дээдэлсэн нэгэн шинэ сонин мэндэлж буйг уншигч танд дуулгахад таатай байна.
Манай хамт олон эрхлэн гаргаж буй сониноо Монголын хэвлэлийн зах зээлд шударгаар өрсөлдөх чадвартай мэдээллийн хэрэгсэл болгохын төлөө хичээнэ гэдгээ онцлохын ялдамд “Өглөөний шуудан” уншдаг улс төрчид, эрдэмтэн мэргэд, бизнесийн түншүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, хилийн чинадад ажиллаж амьдарч буй монголчууд болон оюутан залуустаа өөрийн хүсэл сэтгэл, бүтээлч байдлынхаа хил хязгаарыг таньж мэддэг, мөн хэр хол, хэр хурдан урагшилж, хэр далайцтай сэтгэж байгаагаа хэмжих газар нь, өөрөөр хэлбэл, ухаанаа уралдуулдаг талбар нь болоосой хэмээн хүсэх байна.
Бид хэн нэгэн улстөрч, улс төрийн нам, байгууллагаас хараат бус байж, Монгол оронд өрнөж буй бүхий л үйл явдлын мэдээ, мэдээлэл болон нийгмийн олон талт харилцааг тэнцвэртэйгээр үнэн бодитой шуурхай хүргэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, сэтгүүл зүйн ёс зүйг дээдлэн уншигч түмнээ хүндлэн ажиллах болно. Шинэ цагийн Монгол Улсын өнөөгийн амьдрал, нөгөө талдаа энэ улсыг удирдаж яваа улстөрчид, тэдний дүр төрх, ааш аяг ямар байгааг уншигч та биднээр хэлүүлэлтгүй мэдэж буй.
Улс орноо хөгжүүлнэ, ард түмний амьдралыг дээшлүүлнэ, ажилтай орлоготой болгоно гэсэн популист урианд нь итгэж тэдний төлөө саналаа өгсөөр, гашуун түүх давтагдсаар. Гэтэл тэд бидний итгэлийг алдаж, монгол хүний үнэ цэнийг өдрөөс өдөрт байхгүй болгож, сонгогч танд амласан амлалтаа биелүүлэхгүй нь эхнээсээ тодорхой боллоо. Тиймээс манай сонин нийтлэлийн бодлогынхоо тодорхой хэсгийг Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд саад болж байгаа бохир зүйлс, увайгүй үйлдэл, авлига хээл хахуулийг илчлэн мэдээлэхээс гадна ирээдүйд, тодорхой хэлбэл ирэх таван жилээс улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахуйц залуус, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг олон нийтэд таниулж, улс төрд бэлтгэхэд чиглүүлнэ.
“Өглөөний шуудан” сонин нийгэмд өрнөж буй үйл явдлыг бүхий л талаас нь буюу болох хийгээд болохгүй байгаа зүйлийн аль алиныг нь шонхор мэт харж, үнэн бодитойгоор шуурхай хүргэнэ гэдгээ дахин онцлоё. Сэтгүүлч бид Монгол Улсаа хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт уншигч та итгээрэй. Уншигч таны ажил үйлсэд амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улс мандан бадрах болтугай.
Ерөнхий эрхлэгч Ч.Чулуунцэцэг