Энэ бол нийгмийн сүлжээгээр цацагдаж, олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа үйл явдлын тодорхойлолт. Хичээл нь тарсан дөрөвдүгээр ангийн хүүхдээ аваад явж байсан өндөр настан улаан гэрэл “харалгүй” ухасхийж ороод явган хүний гарцаар ном журмаар нь гарч явсан тавдугаар ангийн охиныг дайрч осол гаргажээ. Камерт бичигдэж үлдсэн бичлэг нь цахим ертөнцөөр тарж, хүмүүсийн зэвүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Охиныг мөргөж, тэртээ хол шидчихээд “Яав ийв” гээд гараад ирж болдоггүй юм байх даа. Осол гаргагчаас түрүүлээд нөгөө урсгалд явж байсан машинаас хүн бууж ирж байх юм. Зүв зүгээр явж байгаад машинд мөргүүлсэн бяцхан охин юугаа ч мэдэхгүй, ухасхийгээд босч урагшаа хэд алхсанаа замын голд суугаад өгсөн ийм дүр зурагтай бичлэг нийгмийг шуугиулж байна.
Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг Автовокзалын хойд замд "Toyota Spacio" маркийн автомашин гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн ослыг 71 настай жолооч үйлджээ. Осол гаргагч гэрлэн дохио зөрчин, уулзвараар нэвтэрсэн бөгөөд тэрбээр Замын Цагдаагийн албанд болсон явдлын талаар дараах тайлбарыг хэлсэн байна. Чухамдаа жолоочийн хэлсэн тайлбар л бусдын бухимдах шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр “Би Шинэ Монгол” гэдэг сургуулиас 4 дүгээр ангийн охиноо аваад л гэрт нь хүргэх санаатай явж байсан. Өдөр 3 цагийн үед тардаг юм. Тэгээд Таван шар луу явж байтал гэрлэн дохион дээр нүд гялбаад /Ах нь хараа муу, нүд юм харахгүй ээ, 71 настай хүн/ Би ер нь тэгж явдаггүй, автобусаар л дандаа явдаг юм л даа. Ганц удаа л явж байгаа нь тэр. Тэгсэн гэрлэн дохион дээр уулзвараар улаан гэрлээр ороод, нэг тоормозлоод, цаана нь явган хүний гарцаар гарч явсан хүүхдийг гурван метр, 50 см орчим чирээд, чирсэн чигээрээ мөргөчихсөн чинь хүүхэд үсрээд явчихсан. Би ч тэр дороо зогсоод, нөгөө хүүхдээ харсан чинь босоод гүйж явна, замын хажуу руу. Нөгөө хүүхэд рүүгээ яараад хамгаалалтын бүсээ тайлах гэж ноцолдоод хаалгаа онгойлгочихоод зогсч байтал гарман дээр байсан эрэгтэй, эмэгтэй хоёр надаас түрүүлээд оччихсон, дүүргийн цагдаа дуудаад байж байсан. БГД-ийн замын цагдаа ирээд бүх хэмжилтийг хийж, маргааш Дүүргийн Замын цагдаа дээр очоорой гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь очиж, бүх болсон процессыг хэлээд л хүүхдийн эцэг эхтэй уулзаж уучлалт гуйсан. Тэд ч “Одоо ийм настай хүнийг яах ч билээ. Хүүхэд эрүүл байна. Гайгүй байна. Бид үзүүлж харуулаад байна. Таныг, настай хүнийг яахав, гомдолгүй гээд тодорхойлолт хийгээд өгчихье гээд бичээд өгсөн. Би баярлалаа л гэсэн” хэмээх яриа тараад бусдын дургүйг хүргээд байгаа юм.
Настаны ярианаас үзэхэд гэмшсэн өнгө аяс огт алга. Гарцаар мөрөөрөө гарч явсан хүний нялх үрийг нистэл нь мөргөчихөөд эцэг эх нь насыг нь “хүндлээд” гомдолгүй гэж байхад “Би баярлалаа л гэсэн” гээд хээвнэг хэлж суух тэр хүнд ямар “совесть” байна аа. Автын ослын урхаг олон жилийн дараа илэрдэг гэдэг. Одоохондоо эрүүл саруул мэт гүйж яваа охин хэдэн жилийн дараа эмгэгтэй болбол хэн хариуцах вэ. Өдгөө 71 настай өвгөн тэр үеийг үзэхгүй байж магад. Харин өндөр насыг нь бодоод “өршөөл” үзүүлсэн эцэг эх хоёр нь л зовно шүү дээ. Аливаа юмыг алсуур харах хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдийг болохоор өндгөө дарсан бүргэд шиг хамгаалж авч явж байж, хүний адилхан нялх үрийг хурга шүүрсэн элээ шиг мөргөөд шидчихдэг настанд ямар хариуцлага ноогдсон гээч. Жолоочийн эрхийн таван оноог нь хасч, 100 мянган төгрөгөөр торгоод л өнгөрөв. Нэгэнт эцэг эх нь гомдолгүй гэсэн болохоор асуудал тэгсхийгээд намжсан бололтой. Харин мэдээлэл цахим ертөнцөд тарснаас хойш ослыг тойрсон нийгмийн уур амьсгал намжихгүй байна. Арга ч үгүй биз. Үртэй бүхэн үрээрээ жишиж, унаатай болгон болгоомжоо нэмэгдүүлж байгаа байх.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байгаа уг хуулинд орсон зохицуулалтаар “Хэт ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно” гэсэн заалттай. Хэт ядарсныг нь хэн ч тогтоох юм, бүү мэд. Тэгэхээр бараг эвшээж явбал торгуулчих бололтой айдаст заалтууд бий. Гэтэл ядрах нь бүү хэл, гэрэлд нүд нь гялбаад юм хардаггүй хүн жолоо бариад хүүхэд дайраад явж байна, цаана чинь. Энэ үйлдлийнх нь төлөө жолооны эрхийг нь ч хассангүй. Зөвхөн таван оноо л хассан байна. Дахиад нэг хүүхэд дайрвал эрхийг нь хасч магадгүй л юм. Тэртэй тэргүй оноо нь нойллох учраас.
Шинээр мөрдөгдөж байгаа хуулиар “Улаан гэрлээр орвол 19,200 төгрөгөөр торгуулна” гэсэн заалттай. Нэртэйгээр нь тэр заалтаар нь торгоод, өндөр настанд өршөөл үзүүлнэ гээд зарлачихмаар юм.
Мөн согтуу явган зорчигчийг 48 мянган төгрөгөөр торгохыг ч заасан байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэйгээ арга хэмжээ тооцож чадахгүй байж зам дээр далжигнах согтууг барьж авч торгох ч илүү зан биз ээ. Ийм л хуультай улс даа манайх.
Н.Саранчимэг
Сэтгэгдэл (29)