Монголын хүүхдүүд оюун ухааны чадавхиараа дэлхийд гайхагдаж эхэлсэн мэдээнд сүүлийн үед дарагдаад байна. Оюун ухааны Олон улсын уралдаан тэмцээнээс медаль, цомыг цуглуулах шиг л болж байна. Малайзын нийслэлд болсон соробон сампин, цээж тоолохын Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн Өвөрхангай аймгийн 10 сурагч эцэг эхийн хамт нутгийн зөвлөлийнхөнтэйгээ уулзлаа. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг тэднийг өнөөдөр хүлээж авч уулзан бүгдэд нь амжилт хүсч гарын бэлгээ гардуулсан юм. Энэ жилийн олон улсын тэмцээнд Өвөрхангай аймгаас нийт 10 хүүхэд оролцсоноос зургаан хүүхэд алтан цом авч тэргүүлсэн бөгөөд тус бүр хоёр хүүхэд мөнгө, хүрэл цом хүртэж, бүгд амжилттай оролцжээ. Тухайлбал, Хархорин сумаас оролцсон дөрвөн хүүхэд дөрвүүлээ алтан цомын эзэн болсон байна. Ер нь, Өвөрхангай аймаг энэ төрөлдөө улсад хоёрдугаарт жагсдаг ажээ. Уулзалтын үеэр хүүхдүүд “Малайзад их дулаахан байсан. Тэмцээнд ийм амжилттай оролцоно гэж бодоогүй. Их баяртай байна” гэцгээж байв. Энэ удаагийн олон улсын тэмцээнд нийт 66 орны 8500 хүүхэд оюун ухаанаа сорьсноос Монголын баг нийлбэр дүнгээр гуравдугаарт жагсчээ. Монголын хүүхдүүд нийт 17 алтан цом авсны зургааг нь Өвөрхангайн багачууд хүртсэн байна.