Бид “Миний биеийн эсэргүүцэл суларлаа, дархлаагаа сайжруулмаар байна” гэж ярьдаг ч дархлааны эс нь яг ямар түвшинд байгаа, тэдгээрийн хэчнээн нь “амьд” буйг төдийлөн мэддэггүй. Тэгвэл АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Бичил амь, Дархлаа судлалын тэнхим тооцоолуурын тусламжтайгаар дархлааны олон янзын эсийг тоолж, хянах бүрэн боломжтой болжээ. АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Бичил амь, Дархлаа судлалын тэнхим ба Дархлаа-Бичил амь судлалын Монголын нийгэмлэгээс хамтран эмч, судлаач, эмнэлгийн ба эрүүл мэндийн ажилтанд зориулсан “Дархлаа хямралт эмгэгийн оношлогоо ба хяналт” сэдэвт сургалтыг энэ сарын 15-ны өдөр АШУҮИС-д зохион байгууллаа. Тус сургалтаар “МАCSQuant” анализатор ашиглан тодорхойлдог дархлааны эсийн үзүүлэлтүүд ба тэдгээрийг дархлаа хямралын шалтгаант эмгэгийн судалгаа, оношлогоо, өвчний хяналтад хэрхэн ашиглах талаараа танилцуулав.
Энэ технологи нь анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээний ажлыг шинэ төвшинд гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн жуулчлалын урсгалыг бууруулахад ач холбогдолтой төдийгүй, эх орны эмнэлгийн практикт өндөр технологийн эсийн эмчилгээны арга боловсруулж нэвтрүүлэх судалгааны суурь нь болж байгааг Бичил амь, Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан онцоллоо. Учир нь уг технологийг ашиглаж эхэлснээр нотолгоонд суурилсан эмчилгээ хийгдэх боломжтой болох аж. Одоогоор манайд дархлааны эсийг гурван түвшинд оношилж байгаа бол АШУҮИС нь технологийнхоо хүрээнд 10 хүртэлх түвшинд оношлох боломжтой болжээ.
АШУҮИС нь 2024 онд Ази Номхон далай баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлжээ. Уг зорилгынхоо хүрээнд судалгаа, оношлогоо, эмчилгээний өндөр технологийг их сургуульдаа нутагшуулахаар болж, өндөр технологийн багаж болох ХБНГУ-ын “Miltenyi Biotec” компанийн бүтээгдэхүүн урсгал эс тоолуурын “МАCSQuant” анализаторийг АШУҮИС-д суурилуулан ашиглаж эхлээд байгаа энэ аж. АШУҮИС тус технологийнхоо хүрээнд 10 орчим төрлийн дархлааны эс тоолох
Сургалтанд Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллага, анагаахын чиглэлийн их дээд сургуулийн 80 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид хамрагдсан байна.