Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “эерэг” хэмээн үнэлжээ

2018 оны 1 сарын 4

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд пүүрс, Мүүдиз агентлагуудаас тогтоож байна.

 

 

ОУВС-гийн Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон талт болон хоёр талт санхүүгийн эх үүсвэр татах нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 11 дүгээр сарын 17-ны өдөр зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “Тогтвортой”-оос “Эерэг” болгон сайжруулан үнэллээ. Зээлжих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл цаашид сайжрах боломжтойг илтгэж байна. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээн үзэж байна.

 

Бусад агентлагуудаас гаргасан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ 2017 онд өөрчлөгдөөгүй бөгөөд Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “Caa1, тогтвортой”, Стандард энд пүүрс агентлаг “В-, тогтвортой” хэмээн үнэллээ. Стандарт энд Пүүрс агентлаг 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин үнэлж үнэлгээний тайлангаа олон нийтэд мэдээлэх урьдчилсан товтой байна.

 

Зээлжих зэрэглэлийн агентлагууд Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд эрсдэл, сорилттой тулгарч буй боловч ирэх жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг сэргэх, улсын төсөв, гадаад төлбөрийн чадвар огцом сайжрах хүлээлттэй байгаа тул Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөвийг эерэгээр үнэлсэн хэвээр байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан