Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.18
-17
Өдөртөө
-28
Шөнөдөө

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба хавдар дэмжигч

2018 оны 1 сарын 5

Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр. Энэ үг их эргэлзээ төрүүлдэг. Магад 100 жилийн өмнө боловсон эмнэлэг байхгүй хойно маарамбаас өөр найдах хүнгүй. Өнөөх нь хэдэн өртөө хол газар нутаглаж байх ахуйд үүссэн үг байж таарна. Хачирхалтай нь бидний монголчууд өнөөг хүртэл эл үгийг батлагдаагүй хууль, баринтлагаагүй судар аятай мөрдөх нь хачин.

 

 

Зах зээлийн нийгэмд шилжсэнээр тохиролцооны гэгдэх хохироогч дэлгүүрүүд байшингийн булан бүрт нээгдэж байсан шиг өнөөдөр эмийн сан шиг их юм алга болжээ. Талын нэг тараагаад шидсэн шагай мэт тал нутагтаа тархай бутархай аж төрж дадсан монголчуудад өнөөгийн суурин амьдрал, хэрээс хэтэрсэн хэт төвлөрөл төвөг болдог нь гарцаагүй. Толгой өвдлөө, ханиад хүрлээ гээд хаа тааралдсан эмийн сан руугаа харайж ороод, эмийн санчийн зөвлөснийг аваад уучихад ядах юмгүй нь бас үнэн. Дашрамд сонирхуулахад, улсын хэмжээнд 1283 эмийн сан, 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага ажилладаг гэх статистик бий. Түүнчлэн дотоодын үйлдвэрүүд нийт хэрэглээний 20 орчим хувийг хангадаг бол үлдсэн хэсгийг нь гаднаас импортоор авдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортоор авдаг агаад судалгаанаас харахад ОХУ, БНХАУ, Славьян, Энэтхэг, Герман зэрэг орноос дийлэнх хэсгийг нь авдаг ажээ.

 

Гээд яахав, яаж ийгээд хууль бус юм хийвэл л ашиг ахиухан хүртэнэ гэх гажиг ойлголттой монголчууд хил гаалиар хууль бус эм оруулж ирэхдээ гарамгай гэж жигтэйхэн. Дээр нь эмийг хоол мэт хэрэглэнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэг тухайд ор тас мартчихсан. Манайхан сүүлийн үед магнаг мэт шүтдэг, энгийнээр бол талх мэт өдөр тутам хэрэглэдэг парацетамолоос татгалзаад буй. Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм. Гэхдээ эл эмийг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолсон. СЭМҮТ-ийн Донтолт судлалын тасгийн эмч Ө.Ариунболдын хэлснээр нийт хордлогын 80 орчим хувийг эмийн хордлого эзэлдэг гэсэн. Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж бөгөөд парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тухайлбал, Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс, Седалгин-Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол агуулсан байдаг аж. Түүнчлэн эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултайг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүнд тусдаг. Өөрөөр хэлбэл, парацетамолыг маш болгоомжтой, тунг нь багасгаж хэрэглэх, том хүнд хоногт гурван граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, тав хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх ёстой юм байна. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, гурав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хэрэглэж болохгүй заалттай. Гэтэл бид хүүхэддээ ханиадны анхны шинж тэмдэг илрэнгүүт аятайхан амттай, ундаа гэж хуураад уулгачихаж болно хэмээн терафлю найруулан уулгадаг нь худлаа биш ээ.

Дашрамд дуулгахад эмнээс гадна түмэн жорын хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг манайхан өргөнөөр хэрэглэх болсон. Турах, биеэ цэвэрлэх гэх сэдлээр ихэвчлэн хэрэглэдэг. Хэдийгээр албан ёсны нотолгоо байхгүй ч сүүлийн үед ихээр илрэх болсон хорт хавдрын өвчлөл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой байж болох талаар мэргэжилтнүүд хэлж байна. Халаглах юм их болсон өнөөгийн нийгэм... Хавдрын өвчлөл ихсээд байна. Хажуугаар нь залуужаад байна гэх эмзэглэл. Тэгвэл хүн гэдэг амьтны дархлаа 35 хүртэлх насандаа өөрөө өөрийгөө дориун сайхан аваад явчихаар өндөр байдаг бөгөөд 40 хүрээд эрс багасдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүний биед үүссэн, эс бөгөөс үүсэхээр завдсан хавдрын эсийг залуу хүний дархлаа дарангуйлж устгаж чаддаг бөгөөд яг энэ үед нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу дархлааны системийг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр өнөөх хавдрыг асар богино хугацаанд өсөж томрох боломжоор хангадаг аж. Ихэнх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг газар, сүлжээнүүд хөгшин настай ядрангуй царайтай хүний зураг үзүүлж одоо ийм сайхан болсон гэх тайлбарыг итгэхийн байхын аргагүйгээр өгдөг. Тэгвэл өтөл насанд дархлаа муудаж, элдэв хорт хавдрын эсийг дарангуйлах чадвар нь мууддаг бөгөөд энэ үед нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр хавдрын эсийг дарангуйлж өвчлөлийн явц буурдаг төдийгүй өтөлж буй эд эс ч сэргэдэг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 40-өөс дээш насныхан хэрэглэвэл үр дүн нь сайн төдийгүй үзүүлэх эерэг нөлөө нь арвин гэсэн үг. Харин 20 ч хүрээгүй залуус уувал унтаа буй хорт хавдрын эсийг сэргээж, хор болдог ажээ.

З.УРСГАЛ

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан