Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул. Энэ залууг үе үеийн уран бүтээлчид их чамбай хүн гэдэг. “Чамбай” хэмээх тодотгол нь түүний уран бүтээлдээ ханддаг хандлагыг дүгнэсэн үг буй за. Иймээс уншигч таныг түүний “Сүүлчийн аялал” хэмээх өгүүллэгтэй нь танилцуулахыг зорьлоо. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч М.Наранболдын энэхүү өгүүллэг нь хэн хүний сэтгэлийн ертөнцөд өөр өөр өнгө аясаар тусах нь мэдээж. Гэвч түүний уран зохиолын харгуй хүн төрлөхтөн бидний дунд илүү их гэрэлтэх буй за.
Сүүлчийн аялал
“Ашгүй дээ, аав удахгүй тэтгэвэртээ гарч хүүхэд харах хүнтэй болох нь” гэж бага охин хэлэх нь Самданд таатай сонсогдсонгүй. Арга ч үгүй биз. Насаараа ажил эрхэлсэн хүн тэтгэвэрт гарч гэртээ сууна гэхээр ямар сайхан байх билээ. Уг нь, хөгшинөө амьд сэрүүн байхад “Хоёулаа гавьяаныхаа амралтыг авахаараа нутгаа бараадаж мал маллана” гэлцдэг байсанж. Харамсалтай нь гуч гаруй жил ханилсан хань нь хоёр жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Төмөр замын машинчийн ажил гэдэг хариуцлага өндөртэй тул хөгшнийхөө тухай бодлоос ангижрах, бусдын адил энгийн явах боломжтой сон. Гэвч одоо тэтгэвэрт гарахаар бор хоног, шар нарыг ганц биеэр “өнхөрүүлнэ” гэдэг хамгийн том айдас нь болов. Самдан хэдхэн цагийн дараа гучиннайман жил ажилласан машинчийн бүхээгээ орхиж, “Өндөр настан” гэх нэр зүүхээр хамгийн сүүлчийн аялалаасаа буцаж явна.
Энгийн үед аль болох цаг хэмнэхийг хичээж явдаг тэр энэ удаад болдогсон бол удаан явмаар санагдана. Зам хорох тусам сэтгэл нь тавгүйтэж, галт тэрэгний цонхоор орчныг ажиглавал хэдийнэ танил болсон уул толгод, гүвээ даваа, зам харгуй өөртэй нь салах ёс гүйцэтгэж ч байх шиг нэг л гунигтай. “Ай даа, хүний амьдрал гэдэг богинохон ч юмаа даа. Хамт олонтойгоо бужигнаж, Монгол орныхоо хойд хилээс өмнөд хил хүртэлх төмөр замаар галт тэргээ жолоодон хэдэнтээ яваад өнгөрөхөд л залуу нас харваад одсон байдаг аж. Шижигнэсэн хоринтаван настай залуу анх ажилд орсноос хойш өөрийнхөө насыг нэмэгдээгүй мэтээр санаж явж дээ. Яалтай ч билээ” хэмээн элдэвийг бодмоглоно. Хэдхэн хоногийн өмнө аялалд гарах гэж байхад нь хүний нөөцийн ажилтан гэх годогносон бор охин өрөөндөө дуудуулж “Та гавьяаны амралтадаа гарах чинь болсон байна” гэсэн ганцхан өгүүлбэр түүнийг хоромын дотор хөгшрүүлэх шиг болжээ.
Ийнхүү саяхан л хоринтавт шиг дэрвэж явсан Самдан их хотын зүг ойртох тусам нас нь улам ч нэмэгдэх шиг санагдана. Галт тэрэгний зурмаг цагийг энэ удаад нэг ч минут хэмнэсэнгүй. Гэвч өртөө, зөрлөг бүрт зогсоод хөдлөх хугацаа маш хурдан өнгөрөх аж. Ер нь, түүнийг цаг хугацаа хүртэл тэтгэвэрт нь гаргах гэж яараад ч байх шиг... Сонин юм шүү. Өмнө нь яарав ч явж өгдөггүй байсан цаг хугацаа одоо шуурга адил шуугин одож байх юм. Бүр зүтгүүрийн дуунд дарагдаад сонсогддог ч үгүй бугуйн цагны зүү энэ удаад “шагшаг.., шагшаг.., шагшаг” хийн хурдлан цохилно. Түрүүхэн л Чойр өртөөнөөс аян замдаа гарсан авч нэг л мэдэхнээ Хонхорын тойрог руу орж явлаа. “Хэрэв энэ зам шулуун байсан бол аль хэдийнэ Амгалан өртөөнд оччих байж дээ. Саяхан л “Энэ тойргийг тэгш болгох хэрэгтэй” гэж нөхөдтэйгөө ярилцсан сан. Гэвч одоо харин энэ тойрог байгаа нь бас сайн ч юм шиг...” гэж элдэвийг эргэцүүлэн галт тэрэгнийхээ цонхоор ширтвэл орчин тойрны юмс үзэгдэл оройн наранд дуниартан байв.
Замын хажуугаар үе үехэн замчид алхаж харагдах ч тэдэнтэй мэндэлж, цонхоор гараа далласан ч үгүй. Анх туслах машинчаас машинч хүртлээ гучиннайман жил зүтгүүрийн бригадад ажиллахдаа Самдан ингэж их гуниглаж, хэнд ч юм гомдож явсангүй. Туслах машинч хүү хажуунаас нь хааяа нэг юм асуух агаад хариултаа л авсан бол Самданы сэтгэлийг үл ойлгоно. “Залуу насанд ийм л байдаг даа. Нарийн ширийнийг анзааралгүй, өрхний оосор шиг л дэрвэж явдаг сан. Намайг анх машинч болоход дагуулж сургасан өнөө муу Довдон гуай сүүлчийн аялалаасаа яг л над шиг буцаж явж дээ. Би гэдэг хүн энэ хүү шиг юу ч анзаараагүй. Одоо санахад хаана ч билээ нэг өртөөнөөс хөдлөхөд нүд нь чийгтсэнийг харсан хэр нь учрыг асуугаагүй надад “Хмм энэ муу хоёр циймэр чинь жаахан салхи үзэж чадахаа байх нь ээ” гэж билээ. Хөөрхий дөө, сүүлчийн аялалаас буцаж явахдаа битүүхэн уйлж явж шүү дээ. Нэгэн цагт энэ хүү Довдон гуай шиг, над шиг л бас нэгэн залуу хүү дэргэдээ суулгачихсан сүүлчийн аялалаасаа буцна.
Тэр цагтаа миний тухай дурсвал тэгээд л болох нь тэр... Би ч энэ хүүд чамгүй л юм заалаа. Сэргэлэн, авхаалжтай юм хойно алзахгүй ээ. Олон жил зүтгүүрчдийн гавьяаг бататгах чадвартай л хүү дээ” хэмээн бодох зуураа туслах машинчийн зүг харвал тэр юуг ч үл анзааран цонхоор замчдын зүг гар даллан инээж явав. Яг л өөрийнх нь залуу нас шиг... Энэ удаад Самданы хоолойд түрүүнээс хойш тороод байсан том юм улам чинэрч, хоёр нүдэнд нь өөрийн мэдэлгүй нулимс мэлтэлзээд ирлээ. Салхивчны шилээ онгойлгов. Туул голын эрэг дагуу хүүхдүүд гүйлдэж, машинтай, машингүй олон хүн гэр, майхан барих нь барьж, зарим нь буулган хөшилдөх ажээ.
“Төмөр замчдын баяр аа гэж... Өдийг хүртэл ажиллахдаа ихэнхэд нь аялалтай байж таараад, зүтгүүрийнхээ бүхээгт ажлаас өөр юм бодолгүй л өнгөрөөж дээ. Баяр гэснээс хөгшин минь тээр жилийн нэг баяраар манай ажлынхантай хамт явж ирээд “Их сайхан болдог юм байна. Дараа хоёулаа заавал хамт үзнэ ээ” гэж билээ. Гэвч төмөр замчдын баярт хамт оролцож чадаагүй. Ер нь, би муу хөгшиндөө, ар гэрийнхэндээ цаг зав гаргадаг байлуу. Ажил ажил гэсээр, ажлаас өөр юу ч мэддэггүй л амьтан явсан байх. Ар гэрийн амьдрал, хоол унд, өмсч зүүх бүхэн өөрөө бүтдэг юм шиг санаж явж.
Хөгшнөөсөө хойш ч энэ бүхний зовлонг ёстой нэг мэдэрч байна. Ай даа, хүн гээч амьтан хэзээ хойно ухаан суух юм даа...” хэмээн Хөлийн голын хөндий рүү ширтэн явсаар Туул голын гүүрэн дээгүүр өнгөрөв. “Ер нь, Монгол орны маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, соёл хүмүүжил гээд алив бүхэн энэ л төмөр замаар орж ирсэн байна. Энэ бүхнийг эх орондоо тээн ирж буй галт тэрэгний нэгийг жолоодож явсан минь сайн хэрэг. Даанч бусад хүмүүс ойлгодоггүй юм. Гэвч ойлгох цаг хэзээд ирнэ. Би ч улсдаа үүргээ гүйцэтгэжээ...” гэж бодохуй Улаанбаатар вокзал ойртох тусам хоолой нь зангирч, хий дэмий шилээ шөргөөн толгойгоо хэдэнтээ хөдөлгөснөө намуухан дуугаар
Уудам орны дундуур
Уул, ус, говийг гатлаад
Ган зам зурайн гялалзаад
Галт тэрэг хурдалж явна... хэмээн төмөр замчдын сүлд дууг аялсан болов ч хоолой нь чичрээд цааш дуулж чадсангүй. Өмнө нь, Самдан үүр шөнийн заагаар ч, үдшийн бүрийгээр ч, нартай, сартай, бороотой, шороотой, цастай, шуургатай ямар ч үед сэтгэл өндөр, энэ л дууг аялан явдаг сан. Энэ удаад тэр мэлтэлзэн үерлэх нулимсаа залгин гүн сэтгэлдээ л дуулж явлаа. Төдөлгүй чанга яригчаар “Анхаараарай, анхаараарай! Тавцан талын хоёрдугаар замаар Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэг орж ирж байгаа тул зорчин явагсад галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилно уу” хэмээн хэзээний танил болсон дуугаар зарлах нь сонсогдов.
2017 оны нэгдүгээр сар
МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын зохиолчдын дунд энэ оны хоёрдугаар сард зарласан “Ган бичлэг-2017” богино өгүүллэгийн уралдааны тэргүүн байрт шалгарсан.
Сэтгэгдэл (5)