Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

П.Галиндэв: МАН-ын алдааг сүүдрийн засгийн газар л аварна

2018 оны 1 сарын 11

 

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа.

-Улс төрийн хүчнүүд зайлшгүй шинэчлэгдэх шаардалагатай болсон гэж ярих болж. АН-ын шинэчлэлийн талаар яриагаа эхлүүлье?

-Намын шинэчлэл нь байнгын процесс юм. Улс төрийн хүчин гэдэг нийгмийн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн үзэл санаа, зорилгоор эвлэлдэн нэгдсэн амьд организм гэж би ойлгодог. Тиймээс нам өөрийн гэсэн үзэл санаатай байх ёстой, улс орныг хөгжүүлэх бодлоготой төр, засгийг авч явах боловсон хүчний чадамжтай байх ёстой. Ингэхийн тулд байнга хөгжиж шинэчлэгдэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн, өмнө нь гарч манлайлан алхсанаар нийгмийг араасаа дагуулна. Хүн ч ялгаагүй цаг хугацааны явцад эрдэм мэдлэгээ дээшлүүлж, хөгжин дэвжиш байдаг. Яг л үүнтэй адил хөгжих процесс зогсолтгүй явах ёстой.

АН-ын шинэчлэлийн асуудал анх 2014 онд яригдаж эхэлсэн. Намын хэсэг залуучууд нэгдэн намд тодорхой шинэчлэл хийх нь цаг нь болжээ гэдгийг олж харан дуу хоолойгоо өргөж эхэлсэн. Тэр цагаас  өнөөг хүртэл дөрвөн жилийн хугацаанд багагүй шинэчлэл хийгдэж, ахиц гарсан. Мөн парламентын эрх баригч хүчнээс сөрөг хүчин болж ялагдсан нь ч хүртэл шинэчлэл хийх цаг болсон гэдгийг илтгэсэн үйл явдал байлаа. Намын удирдлага болон гишүүд дэмжигчид ч нам шинэчлэгдэх ёстой гэдгийг ойлгон, нэг зорилгын төлөө зүтгэсэн. Тийм  учраас АН-ын шинэчлэгдэх үйл явц ид дундаа явагдаж байна гэж хэлж болно.

-Шинэчлэл гэдгийг олон янзаар л харж байна. Даргаа солих, дүрмээ өөрчлөх нь шинэчлэл үү?

-Улс төрийн нам нийгэмд гүйцэтгэтгэх үүрэг маш тодорхой байдаг түүнийгээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болоод гажуудаад ирэхээр засах шинэчлэх асуудал яригдана.  Түүнээс дарга, цэрэг сольсноор шинэчлэл хийгдлээ гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь нийгмийн төлөө гүйцэтгэх үүргээ биелүүлдэг болох л явдал. Аль ч намын хувьд гажууддаг. АН ч мөн адил тэр л замаар явсан. Нэг хэсэг дарга нарын нам болж хувирсныг хэн хүнгүй мэднэ. Ард иргэд, гишүүдээ сонсохоо байсан. Тодорхой тогтвортой бодлогоор улс орноо хөгжүүлэх бодлогогүй болсон нь шинэчлэл хийх шаардлагатай болсныг ойлгуулсан. Тиймээс нийгэмд хийх ёстой ажлаа хийж, соён гэгээрүүлж, тогтвортой хөгжүүлэх бодлогоор хангаач ээ гэдэг үүднээс намын залуучууд дуу хоолойгоо өргөсөн юм. Шинэчлэл  маань намын дүрмээ шинэчлэх буюу тоглоомын дүрмээ өөрчлөхөөс эхэлсэн. Өнгөрсөн  сонгуульд ялагдал хүлээсний дараа Үндэсний бодлогын хороо, намын Их хурал дээрээс ажлын хэсэг бөайгуулагдаж АН-ын дүрэм, үзэл баримтлалыг өөрчлөх 33 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Миний бие ажлын хэсэгт,  нарийн бичгийн даргаар ажиллан  АН-ын шинэ үндсэн дүрэм боловсруулах ажилд бусад шинэчлэлийн залуучуудтайгаа хамтран ажилласан. Шинэ дүрмийн дагуу намын шинэчлэлийн асуудлууд явагдаж байна. Хамгийн эхэнд намын даргыг томилох ажил явагдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нь, намын даргыг сонгохдоо Үндэсний зөвлөлдөх хороо буюу 228 даргын хүрээнд л шийддэг байлаа. Энэ нь, намыг цөөн дарга нарынх болгон харагдуулсаар ирсэн.  Харин шинэ дүрмээр бүх гишүүдээс сонгодог болгосон юм.

-Өмнө нь дарга солих асуудал олон удаа тавигдаж байсан санагдана. Гомдогсдын цуваа буюу хоёрдугаар ээлжнийхэн  гарч ирээд л дарга нарыг  сольдог?

-Тийм л дээ. Гомдсон тунирхсан нөхдүүд дарга солих асуудлыг тавиад л 228 дарга сууж байгаад дундаасаа нэгнээ сонгочихно. Тэгвэл шинэ дүрмээр бүх гишүүдээсээ сонгочихоор дарга тогтвортой ажиллах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байгаа биз дээ. Дарга солино хална гэж жагсаал цуглаан болоогүй л байна. Нийслэл, сум, дүүрэг, аймгийн түвшинд ч тэр ялгаагүй нийт гишүүдээс сонгогдож байгаа учир тогтвортой ажиллах боломж бүрдсэн хэрэг. Ингэснээр нам тогтвортой бодлого явуулах, нам тогтворжиж төлөвшиж байгаагийн нэг жишээ. Тогтвортой болж эхэлснээр намаа чадавхижуулах, иргэд, гишүүдээ сонсч үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг зав гарч эхэллээ гэсэн үг. Өмнөхтэй адил дарга тэглээ, хална солино гээд байхгүй харин хөгжлийн асуудалд анхаарч, бодлого боловсруулах чиглэл рүү алхаж байгаа.

-Намуудын хамгийн том дутагдал нь сонгуулийн үед өгсөн амлалтаа биелүүлэхгүй олон тохиолдолд  эсрэгээр нь хэрэгжүүлсэн гэх шүүмжлэлд өртөх нь бий.  Энэ нь, бодлого дутагдаж байсантай холбоотой байх нь?

-Ер нь, намуудын бодлого тогтворгүй байсан. Улс төрийн намын гол үүрэг бол хөгжлийн бодлого боловсруулах шүү дээ. Гэтэл энэ нь маш тогтворгүй явж ирсэн учраас тэр. Одоогийн парламентад олонхи болсон 65 суудалтай МАН дээр бүр тодорхой харагдаж байна. Сонгуулиар амласан бүх зүйлээ яг эсрэгээр нь хийж байгааг та бид хараад л  сууж байна. Иргэд  улс төрийн хүчинд  итгэхээ байсан гол шалтгаан нь энэ юм. Сонгуулиар маш олон сайхан зүйлийг амлана. Яагаад гэвэл, иргэдэд таалагдан  ялж л байвал хамаагүй гэсэн бодолд автдаг гэсэн үг. Эрх баригч 65 суудалтай нам амлаж байсан зүйлийнхээ эсрэг ажиллаад явж байна. Хамгийн ойрхны жишээ нь татвартай холбоотой асуудал. Эдийн засгийн хүндрэл байгаа нь үнэн. Үүнийг тойрч, давж гарах олон гарц бий. Гэтэл эрх баригчид олон төрлийн татвар нэмж, дунд бага орлоготой иргэдийнхээ халаас руу гараа дүрж, ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх байдлаар асуудлыг шийдэхээр зүтгэж явна.

-Муухайгаар хэлбэл, түмэн олны халаасыг суйлах арга хэмжээ юм уу даа?

-Нүдээ аниад л иргэдийнхээ халаас руу дайрч байгаа хэрэг. Орлогын хэмжээг зааж илүү мөнгө олбол татвараа нэмдэг.Тухайлбал, 1,5 сая төгрөгөөс илүү орлоготой хүмүүсээс татвараа их хэмжээгээр авах нь буруу шийдвэр. Үүнээс харахад монголчууд мөнгө олж аятайхан амьдарч болохгүй гэсэн гаргалгаа харагдаж байна. Иргэд 1,5 таван сая төгрөгийн цалингаас илүүг авч, амьдралаа өөдлүүлэх боломжийг хазаарлаж байгаа юм. Ер нь, ядуу байцгаа гэдэг бодлого хэрэгжүүлж байх шиг.  Парламент бүрдсэнээс хойш 500 гаруй хоног өнгөрлөө. Гэтэл юу хийж хэрэгжүүлж чадав гэдэг сонин. УИХ дахь намын бүлэг, АН-ын зүгээс энэ хугацааг манарсан 500 хоног гэж дүгнэсэн байна билээ. Би үүнтэй санал нэг байгаа Улс төрийн утаанд төөрч манарсан 500 хоног өнгөрлөө. Дотроо засгаа сольж, амласан бодлогоо хэрэгжүүлж чадсангүй. Ерөнхий сайд танхимаа солиод ч ард иргэдээ шулсан дарамталсан бодлого нь хэвээр үргэлжилж байгаад харамсч  байна. Үүнээс харахад МАН өөрөө бодлогын хомсдолд орсон, боловсон хүчний хувьд чадваргүй, албан тушаалын төлөө явдаг хүмүүсээр дүүрснийг харуулж байна уу даа. Засаг сольж байгааг нь харахад ч тэр хоёрдугаар ээлж хоолондоо орох үйл явц явагдаж байгааг илэрхийлнэ. Одоо ийм байгаа нам 2020 оны сонгууль хүртэл улс орныг тогтвортой бодлогоор хангаж, хөгжүүлэн өөд татна гэдэг эргэлзээтэй.

-Элгээрээ хэвтсэн эдийн засаг эмчлэгдэхгүй гэсэн үг үү?

-МАН валютын сангийн хөтөлбөр гэдгээр бүх зүйлийг халхавчилж, аливаа шийдвэрийг гаргадаг болсон. Тусгаар улс гэсэн нэр байгаа л бол өөрсдийн сонгосон зам, бодлого хөтөлбөрөөр л хөгжих ёстой. Гэтэл гадаадын тийм ч хөтөлбөр ингэ гэсэн, тэндээс зээл тусламж авсан болохоор гэх нь оновчтой биш. Том улс төрийн хүчин гэчихээд тодорхой бодлогогүй байгаагийн л шинж дээ.

-АН-ын тавьсан өрийг дарж байгаа мэтээр саяхан ярьж, шоудлаа. Та нар өр тавиад л  МАН төлөөд байдаг?

-Чингис бондын өр гэж шоудаж байгаад л гарч ирсэн. Уг нь импортыг орлож экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бүтээн байгуулалтыг өрнүүлэх өмнөх 20 жилтэй тэнцэхүйц  авто замын сүлжээг хоёр  жилд барьсан, шинэ нисэх буудал барих гэх мэт улс орны өмнө тулгамдаад байсан зайлшгүй хийх ажилуудад Чингис бондын мөнгийг зарцуулсан байдаг.  Гэтэл МАН-ынхан юу ч хийгээгүй хэрэгжүүлээгүй, хуваагаад идчихсэн мэт л зүйл яриад байгааг нь гайхаж байна. АН хийсэн ажлаа тайлагнаж, иргэддээ танилцуулах үзэл суртлын ажлаа л хийж чадаагүй юм. Иймээс МАН-д өгөөш болчихсон хэрэг. Магадгүй МАН шиг аар саархан зүйлийг уулын чинээ болгон ярьж, шоудсан бол өөр ч байх байсан биз. Магадгүй энэ парламентад олонхи болсон бол их бүтээн байгуулалтын ажил, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх байсан. АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө найман жилээр төлөвлөн оруулж байсныг иргэд санаж байгаа байх.

-Нам доторхи залуучуудын дуу хоолой их сул байх шиг. Яагаад ийм сулбагар харагдаад байна?

-Залуучууд гутарч гуниглан дуу хоолойгоо хураачихаагүй. Харин ч сонгуулийн дараа намаа шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг ярьж. Намын байр руугаа орж байсан. Энэ удаагийн  АН-ын шинэчлэл залуучуудын идэвхи санаачлагаар явагдсан. Энэ дашрамд хэлэхэд,  намын шинэчлэл хийхэд хамтран баг болж зүтгэсэн намынхаа залуучуудад үзэл бодлоо уралдуулж, цаг заваа зарцуулж зүтгэсэн залуучууддаа бас нам талархах ёстой. Намын шинэчлэлийн ажил дөнгөж явагдаж эхэлж байна. Бодлого боловсруулах ажил эхэлсэн байгаа.

-Чухам ямар?

-Үндэсний бодлогын хорооны гишүүд бодлогын салбар зөвлөлд хуваагдан ажиллахаар болсон. Энэ нь, Сүүдрийн Засгийн газар маягаар ажиллана гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд гэх мэтээр  салбар болгон дээр бодлого боловсруулах ажилд намын гишүүд оролцоно. Гишүүд маань тус тусын мэргэжлийн дагуу салбар зөвлөлд орж ажиллах бөгөөд эдийн засагч бол эдийн засгийнхад орох гэх мэтээр. Ингэснээр 2020 он хүртэл АН бүх салбар дахь бодлогоо тодорхой болгоно. Хоёрдугаарт намын боловсон хүчнээ шүүж байгаа юм. Тухайн хүн өөрийгөө харуулах боломж бүрдэж, чадавхижиж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлнэ бусдаас суралцана, хоорондоо өрсөлдөнө. Мөн намын бодлого тодорхой болсноор дараа дараагийн сонгуульд ялалт байгуулбал бодлогоо шууд хэрэгжүүлэх боломжтой. Өмнөх туршлагаар салбарын сайд өөрчлөгдөхөд л бодлого нь өөрчлөгддөг байсан. Одоо ч тийм л байгаа. Тэгвэл АН-ын хувьд ийм зүйлийг гаргахгүйн тулд тодорхой нэгдсэн бодлоготой болгож байгаа гэсэн үг.

-Сүүдрийн  Засгийн газар хэрхэн ажиллах вэ?

-Яг ч бас сүүдрийн засгийн газар ч биш юм аа. Үндэсний бодлогын хороо гэж нэрлээд байгаа. АН парламентад цөөнх гэдэг утгаараа сөрөг хүчний ажлаа хийнэ. Намын зүгээс олонхийн алдаатай үйл ажиллагаанд зөвлөмж өгөхдөө бодлогын хорооныхоо судалгаа шинжилгээтэй ажлыг түшээдээрээ дамжуулан хүргүүлэх болно. Саяхан л гэхэд зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг АН-ын зүгээс боловсруулан ажиллаж байна. УИХ дахь намын бүлгээр дамжуулан удахгүй өргөн барих байх. Ер нь манай оронд банк болон банк бус байгууллагын зээлийн хүү жлийн 36 орчим хувь байгаа нь хэт өндөр юм. Жишээ нь, Америкт гэхэд жилийн 8-10 хувь, Японд гэхэд дээд хэмжээ 20 хувь байдаг. Эдгээр орнуудад хууль гаргах эсвэл төв банкинд эрх олгох замаар зээлийн хүүгээ зохицуулж явдаг. Тийм болохоор энэ хууль маш чухал болоод байна.  Цаашид АН-ын хувьд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээс гадна намын шинэчлэлийн ажилуудаа эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай байна. Хийж хэрэгжүүлэх маш олон зүйл бий.

 

Э. Мөнгөнбаяр

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан