Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.18
-17
Өдөртөө
-28
Шөнөдөө

Бурхан та үнэхээр байдаг бол хүн төрхөт адгууснуудыг бүү илгээгээч

2018 оны 1 сарын 11

 

Нийгмийн амьдрал тийм ч таатай биш, ядуурал ихэссэн дүр зурагтай байгаа. Хүн хэдий ядуу зүдүү байсан ч оюун санаа, сэтгэлээр баян байх ёстой гэж эцэг дээдсээс зааж сургаж ирсэн. Тэгвэл өнөө цагт хүн хүнээ хайрлах тийм нинжин сэтгэл үгүй болж байна уу даа. Монголын нийгэм улам л догширч, хүнээс гарамгүй тийм харгис догшин, хэрцгий үйлдлээр хүрээгээ тэлж байх шиг. Нэгэн бодлын харамсмаар нөгөө талдаа үзэн ядах, бухимдал төрүүлсэн тийм л гэмт хэргүүд ар араасаа цувран гарсаар.

 

Гэр бүлээ хоморголон хөнөөсөн, гурав, таван настай төрсөн үрээ хүчиндсэн, хөнөөсөн гээд жигшүүрт хэргүүд жил бүр гарч байна. Жигшүүрт гэхэд дэндүү зөөлдмөөр ч үүнээс илүүгээр хэрхэн хэлэхээ ч мэдэхгүй юм. Магадгүй өөр гараг ертөнцөд үүнээс муухайгаар хэлж болох. Гэвч Монгол хэлний баялаг сангаас үүнээс өөрөөр муу хэлэх арга алга.

 

Мал, амьтан хүртэл үр төлөө гишгэдэггүй атал төрсөн охин үрээ ноолж байх тэр хүнийг эцэг, эр хүн гэж хэлж болох уу. Нарт хорвоод бурхны өгсөн бэлгээр нэгэн амь болон ээжийн охин болж төрсөн бяцхан үрийн амьдрах түүхийн нэгээхэн хуудас хар толбо үлдэх тэр өдрүүдийг охин мартах болов уу. Малаас дор эцэг нэртэй, эрүүл бус ийм адгууснууд хорвоогийн тоос хөдөлгөж, төрийн хамгаалалттай төмөр торны цаана амьсгалж явах эрхтэй гэж үү.

 

Төв аймгийн нутагт гарсан ийм нэг хэргийн хохирогч нь гуравхан настай эрвээхэй жаахан охин. Түүнийг төрсөн эцэг нь нэг бус нэлээд хэдэн удаа хүчирхийлж байсан нь цагдаа шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон. Айл гэрийн наран болж, энэ хорвоог доргион “ааваа, ээжээ намайг хайрлаарай” гэх шиг уйлан ирэхдээ ийм хатуу зовлонг амсана гэж охин санаагүй. Гэвч мунхаг тэр нэгний зугаа болж, гуравхан насандаа ийм хатуу зовлонг амсчээ. Монгол Улсын шүүх дээрх 30 настай хэрэгтэнд 17 жилийн хорих ял оноосон байна. Энэ хугацаа хэрэгтэнд дэндүү бага мэт. Харин хөөрхий охин насан туршдаа тэр аймшигт өдрүүдийг мартахгүй. Ингээд бодохоор хэнд нь үүрэх ял ахадсан нь харагдах. Олон сайхан өнгөөр будаж, баллуурдаад ч арилахгүй амьралын түүхийн хар хуудсыг яалтай. Арай л дэндүү эрт, эрхэлж, эрвэлзэх насандаа том гэгчийн бул хар чулууг нуруундаа тээчихэв үү, хөөрхий охин.

 

Эрүүл саруул хүний ой тойнд багтамгүй бузар зүйл хийчихээд гэмгүй нэгэн мэт Шүүхийн өмнө суух хүн төрхтэй адгуусыг хорвоогийн тоос хөдөлгөх боломж олгож буй нь харамсмаар. Ингэж харуусан, хэдэн үг холбох гэж оролдон суух учир нь тэр нэгэн бяцхан ертөнцийг өрөвдөж өмөрсөн сэтгэл юм.

 

Бурхан та үнэхээр байдаг бол хүн хар гөрөөснүүдийг дэлхийд бүү илгээгээч. Нарт хорвоод мэндэлсэн бяцхан үрсийг хайр энэрлээрээ гийгүүлж, хамгаалж энхрийллээ түгээгээч. Бурхан минь.

 

Э.Мөнгөнбаяр

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан