Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэзээнээсээ хэл аманд өртөмтгий, өөрөө ч хэр баргийн аавын хүү барж идэхээргүй их юманд санаархаж явдаг зайтай эр билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяраар гараасаа хөтлүүлсээр Монголын улстөрд хөл тавьсан тэрээр өнгөрсөн хугацаанд бас л жаалсаар яваад өнөөдрийг хүрч байгаа нэгэн. Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын сонгуульд ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Д.Идэвхтэнг хол хаян парламентын гишүүн болж байсан тэрээр тун ч жаатай нэгэн. Намтрыг нь сөхвөл Д.Загджав Ховд хотод төрсөн бөгөөд тус хотынхоо 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгсчээ. Түүнийхээ дараа Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн аж. Ажил хөдөлмөрийн гараагаа Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтсээс эхэлж Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж байгаад Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр. Хамгийн сүүлд Улаанбаатар Төмөр замын даргаар очих гэж баахан бужингнуулаад хүчрээгүй ч 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа нөхөр. Ер нь л төдийгөөс өдий хүртэл ямар нэгэн даргын сэнтийгээс буугаагүй л яваад байгаа.
Мань эр хамгийн сүүлд “Монгол Улсад ямар ч ашиггүй Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой” гэж хэлснийхээ төлөө жаахан эвгүй байдалд ороод байгаа. Өнөөдөр л гэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” хэмээн байр сууриа идэрхийлсэн. Ийнхүү байдал нь жаахан эвгүйтээд байгаа дэд сайд Д.Загджав өнөөдөр үдээс хойш төрийн ордонд өнжив. Тэрээр Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа чуулганы хаалга хавиар эргэлдэж гарч ирсэн гишүүн болгоныг шахуу сугадан авч ямархан нэгнийг ярилцсаар байлаа. Бодвол “Ахаа намайг бодоорой” гэсэн болов уу аль эсвэл “Цаадах чинь тэгж дургүй хүргээд” гэсэн болов уу. Цаг ямагт гял цал явдаг тэрээр энэ удаа ч эгээ л тогос шиг гоёчихсон харайлгаж явав. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэснээр Д.Загджавын дотор чухам юу багтаж яваа бол доо.
Д.Түвшин
Сэтгэгдэл (14)