Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

Дээд шүүх О.Баасанхүүг батламжлах боломжтой

2018 оны 1 сарын 12

 

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын тэр үеийн дарга Н.Энхбаярын “Ямар гарзтай ч юм биш” хэмээн Эрдэнэт рүү цөлсөн О.Баасанхүү Орхон аймгийн сонгуулийн 47 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Атармаа, АН-ын Д.Одхүү нарыг далаар нь цэвэр тавин дүүхэлтэл ялалт байгуулаад гараад ирсэн билээ. Ийнхүү 2012 онд МАН-аас туурга тусгаарласан МАХН-ыг парламентад суудалтай болгосон ганц гишүүн О.Баасанхүү өнгөрсөн 12 дугаар сарын 09-нд Төрийн ордонд Их хурал хийж Н.Энхбаярыг огцруулан МАХН-ын дарга болоотохсон билээ. О.Баасанхүүгийн дээрх Их хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар ч оролцсон. Харин удаах өдөр буюу 10-ны ням гаригт нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд 'Аса' циркт Их хурлаа зохион байгуулж О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээсэн. Сонирхолтой нь тэрхүү хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар мөн л оролцсон байдаг. Сүүлийн хэдэн сар МАХН-ын гишүүд О.Баасанхүүг Гүйцэтгэх товчооноос хасч, Бага хурлын гишүүн болгосон, намаасаа хөөнө гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг нь үгүйсгэн, намын удирдлагуудаа шүүмжилж, сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээ гэх мэт хариуг нь өгсөөр ийнхүү хоёр талд хурлаа хийж хоёр тийшээ харцгаасан билээ.

О.Баасанхүү барьцаа чангаруулж МАХН-ын албан ёсны дарга гэдгээ баталгаажуулахын тулд Дээд шүүхэд албан бичиг өгч хариуг нь хүлээж байгаагаа зарласан. Мэдээж Н.Энхбаяр тэргүүтэй түүний өрсөлдөгчид ч зүгээр суугаагүй.  Энэ сарын 04-ний өдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэгддэг Э.Эрдэнэжамьян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан, тэр МАХН-ын гишүүнээс хасагдсан” хэмээн мэдээлэл хийсэн. Түүний хэлснээр О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн бол Н.Энхбаярын тэргүүлж байгаа нам парламентад суудалгүй, гудамжны нам болж таарч байна.    Э.Эрдэнэжамьяны энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд хариу мэдэгдэл хийхдээ “МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. Улсын дээд шүүхэд номлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа” гэсэн юм.

Тун удахгүй Улсын Дээд шүүх хуралдаж МАХН-ын дарга хэн бэ гэдгийг албан ёсоор зарлана. Улстөр судлаачдын үзэж байгаагаар “О.Баасанхүү бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийж, МАХН-ын жирийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж намын даргаар сонгогдсон тул Дээд шүүх түүнийг МАХН-ын даргаар батламжлах нь тодорхой” гэж байна. Хэдийгээр МАХН-ын тамга О.Баасанхүүд байхгүй ч тэрээр энэ тухай асуухад “Тамга тэмдэгт нь санаа зовохгүй байна. Би бүх зүйлийг албан ёсоор, хууль зүйн дагуу хийсэн тул МАХН-ын тамганд төдийлөн санаа зовохгүй байна” хэмээсэн юм. Ийнхүү тун удахгүй О.Баасанхүү МАХН-ын даргаар албан ёсоор батламжлагдах нь тодорхой болж байх шиг.

 

Д.Түвшин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 3
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан