Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.18
-17
Өдөртөө
-28
Шөнөдөө

Хэрээ минь барагтайхан байгаарай, шөнө болно шүү

2018 оны 1 сарын 12

 

“Ео Ёо, өвгөн ах минь өршөө

 

Зуны дунд сарын шинийн наймны шөнө хөөрхий хар хэрээ ийн орилж, ой тайгын нам гүнийг эвдэж орхив. Үүнтэй зэрэгцээд өшөөгөө авч бах таваа хангасан евгөн шар шувуу “хүүе, хүүе" хэмээн дуугарч байснаа майга борыг сэртэл хөхөрлөө. Тэрбээр юу болов гээд босох санаатай өндийтөл толгой дээгүүр нь өнөө хэрэгт дурлаж явдаг үнэгжав гуай харайгаад гарах нь тэр.

 

Хэргийн газар ирвэл хөөрхий муу хар хэрээ өөрийн тарьсан хэргээ ойн бусад амьтдаар шүүлгэж буй бололтой болсон явдлыг давс хачир нэмэрлэж аваад л ярьж байдаг байгаа. Үнэндээ бол хэрээний зүггүй зан хөдөлж, үүгээр түүгээр ниссэн боловч өндөр модны мөчирт үүрэглэн донхолзох хөгшин шар шувуунаас өөр зугаа гаргачих амьтан тааралдаагүй аж. Мань хэрээ шар шувууны суусан мөчрийн дээхнэ талд буугаад “Хүүе өвөө, та чинь унтаж байгаа юм уу. Цаана чинь ойн амьтад найрлах гэнэ. Зоогийн ширээн дээр лав таны идэх дуртай оготно, зурамнаас өгсүүлээд есөн шидийн амттан байна лээ. Хоёулаа хамт явья л даа“ гэж ирээд л хашгичиж гарчээ. Хэрээний үгэнд эхлээд үнэмшсэн өвгөн шувуу “Хэрээхэн минь чи тэр найрт оч доо. Өвгөн ах нь өдөр юм хардагтүй гайхал байгаа юм. Харин шөнө бол... ч” хэмээн учир байдлаа аль болох ойлгуулчих санаатай учирлатал өнөөх нь зовлонгоор нь даажигнаж " Сарвуугаа хөдөлгөөд үз дээ, нэгэн том үхэр огдой хөл дээгүүр чинь гүйгээд байна. Өө хамрын чинь нүх рүү орлоо” гэх мэтчилэнгээр даажигнаж, хөгшин амьтныг модноос унагачих дөхжээ. Өвгөн шувуугаар даажигнаж, бах таваа хангасан хэрээ нар уулын цаагуур далд орохтой зэрэг сая нэг юм нисч одов. Их тайгад жам ёсоороо шөнө авхай айлсаж, холын юм үзэгдэхээ больж эхлэх тэрхүү агшинд өвгөн шувуу өшөө авалт хийхээр ойн гүн рүү довтолголоо. Энэ үед өдөржин сахилгагүйтсэний шанд хооллож амжаагүй хэрээ үхсэн малын сэг зэм төдийхнөөр голоо зогоочихоод унтах санаатай зүүрмэглэхчээн аядаж байтал нэг их хүнд хар юм үүрэн дээр нь лүгхийтэл буух нь тэр. Түүгээр зогсохгүй угийн зөрөөгүйгээр хэрээг элдэвлэн нааш цааш өнхрүүлж, тоншиж гарлаа. Одоо яая гэхэв, өөшэө зүгээр байгаагүй юм чинь. Лай ланчгаа эдлэхээс биш. Уншигч та үлгэр яриад байна уу хэмээн гайхаж байгаа байх, Тэгвэл үгүй шүү. Бодит амьдрал дээр шар шувуу, хэрээ хоёр бие биеэ ингэж даажигнадаг юм байх. Гэхдээ хар хэрээ хаширч байж л нэг юм зүггүй зангаа татдаг юм гэнэ лээ.

 

Шөнөөр л амжуулах өвгөн ноёнтон

 

Шар шувууг харсан хүн их цөөн гэцгээх юм билээ. Тэрбээр шөнийн амьдралтай болоод тэр байх л даа. Тас харанхуй шөнө орчлонг ноёрхож байх юм бол мань шувуу төдий чинээ сайн хардаг гэнэ. Гэрэлтэйд юм хардаггүйн учир гайтай хөөтэй хүүхэн хараанд нь байдаг аж. Бас нүд нь огт хөдөлдөггүй гэж байгаа. Аймшгийн гэмээр бор шар нүд нь дэндүү том учраас аяганаасаа мултарчих гээд зовоодог гэсэн. Тийм учраас нүдний үүргийг хүзүү нь оролдог бололтой. Ийн хэлэхийн учир шар шувуу байран дээр сууж байгаад хүзүүнийхээ тусламжтайгаар толгойгоо 360 градус эргүүлээд л гүйцээ. Бас дэндүү сонсгол сайтай нэгэн аж. Шөнө дөлөөр гөрөөлж явахдаа 25 метрийн өндрөөс өвсөн дотор түчигнэлдэх оготно, зурам тэргүүтэй мэрэгч амьтдын дээр нэвсийтэл буугаад төвөггүйхэн бүхлээр нь хүртэж орхино. Тэгээд болоогүй ээ, тэрхүү бүхлээр нь залгисан оготно, хулгана, туулай, сойр зэрэг зуушныхаа өд сөд, үс хялгас, яс зэрэг ходоодондоо халтай зүйлүүдийг буцаагаад гаргачихдаг гэж байгаа. Хурц хумс бүхий сайртай хөл нь ч эзэндээ их нэмэр болно. Шар шувууны сарвуунд базуулсан молтогчин амьд мултарна гэдэг гонжийн жоо гэнэ лээ. 

 

Суурин бараадах "өвөө”


Уулийн багт багтах энэ амьтан төрөл садан дотроо биеэр хамгийн том нь бас урт настай нь. Алдалсан далавчных нь урт хоёр метр атлаа тийм ч жин татахгүй. Ердөө л гуравхан килограмм гэсэн шүү. Ой хөвч, уул тал, хээр цөл гээд хаа сайгүй амьдардаг тэрбээр сүүлийн үед төв суурин газар бараадах дуртай болсон сурагтай. Өндөглөх дөхсөн эм шар шувуу өндөглөхөөсөө арваад хоногийн өмнөөс аюул багатай гэж үзсэн газарт үүрээ засч авна. Модны мөчир, хадны завсар, агуй гээд л үүрлэж болох бүхий л газар. Ийн үүрээ засч санаа нь амарсан эмэгчин нэг л өдөр 2-3, хааяа таван өндөг гаргаж, 30-35 хоног дарж ангаахай болгоно. Арчаагүй бяцхан ангаахайнууд өд сөдөө ургаж гүйцтэл эхийнхээ гулгидсаар хооллоно. Нөгөөтэйгүүр, тэдэнд бусад шувуун төрөлтнүүдэд нь учирдаг шиг аюул бага. Яагаад гэвэл эх нь өдөржин дэргэд нь хамт байдаг юм чинь. Шөнө бол шар шувуунаас бусад амьтад үдшийн бүрий болмогц хэвтшилдэг гэдгийг сануулчихая. Атар газар эзэмшиж байсан тэр цагт энэ амьтан үр тарианы ургамал сүйтгэгч мэрэгчдийн ангуучилж ач тусаа өгдөг байсан юм гэнэ лээ.


Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан