Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.22
-38
Өдөртөө
-37
Шөнөдөө

24 баримт: М.Энхболдын улс төрд сойсон тод од

2018 оны 1 сарын 12

“24tsag.mn” сайт баасан гариг бүр олны танил эрхмүүдийн хүүхдүүдээс нэгийг онцолж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулангийн талаархи 24 баримтыг сонирхуулж байна.

Баримт 1. МАН-ын толгой лидерүүдийн нэг М.Энхболд ганц охин Хулангаа өөхөнд хучсан бөөр шиг нандигнан хайрлаж өсгөсөн.  Арга ч үгүй биз. Хөлд орооцолдох олон хүүхэд байхгүй болохоор.

 

Баримт 2. Хуланг улс төрд  хөл тавих цаг нь болоогүй байсан юм хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Гэвч тэрбээр сайн эх, эцгийн буянаар 2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн байдаг. 

 

Баримт 3. Э.Хулан бяцхан охин байхдаа аавынхаа намд элсэхийг мөрөөдөж байжээ. Тэгээд 16 насны босго алхсан тэр өдөр МАН-д элсэх өргөдлөө өгсөн ч хэд хоногийн дараа боломжгүй гэсэн хариуг сонссон байна. Учир нь тэрбээр насанд хүрээгүй байсан хэрэг.

 

Баримт 4. Хоёр жилийн дараа даагаа нэхэж 18 настайдаа мөрөөдөл болсон намдаа элсч МАН-ын гал улаан  батлахыг өвөртөлжээ. Тэгэхдээ бүр төрсөн өдрөөрөө намд элссэн түүхтэй. Энэ нь цаанаа аавынхаа гаргасан жимээр алхах цаашлаад үйл хэргийг нь үргэлжлүүлэх гэсэн далд бодол, зорилго байхыг үгүйсгэх аргагүй.

 

Баримт 5.   Хулан бүсгүй байдаг үгүй нь мэдэгдэхгүй  батлах өвөртөлсөн сул гишүүн байхыг хүсэхгүй. Мяндаг цолтойн хувьд ч М.Энхболд дарга газар дээрх ганц охиноо тийм байлгахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймдээ 2013 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45 дугаар үүрийн дарга болгож, мөн ондоо Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ын даргын  албан тушаалд тохоон томилсон биз ээ. 

 

Баримт 6. Улс төр хэмээх томоохон тогоонд чанагдаж эхэлсэн ч бүтээгдэхүүн болж амжаагүй байсан Э.Хулан гараанаас хөдөлсөн галт тэргээ хурд авахуулахаар 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлт гаргасан. Энэ нь ч төвөггүйхэн бүтэж, нэр дэвших эрхээ өвөртлөв. Үүнд нам толгойлж явсан аавынх нөлөө  байсан нь дамжиггүй.

 

Баримт 7. М.Энхболд цуутай уяачийнхаа хэргийг гаргаж, орон нутгийн сонгуульд сойсон эрх танхил охин нь барианд орж, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч болов.

 

Баримт 8. Сонгуулийн үед нэртэй парламентич, намын дарга хүний охин улс төрд орж байгааг сонгинохайрханчууд  сайшаан хүлээн авсан. 

 

Баримт 9. Нэр төртэй эрхмүүдийн хүүхдүүдийн хуримуудаас  хамгийн дуулиан шуугиан дагуулсан нь М.Энхболдын эрх гүнжийн хурим. Шангрила зочид буудлыг доргитол нижгэр найрласан. Хуриманд улс төр, нийгэм соёлын алдартнууд бараг бүгд цугласан юм.

 

Баримт 10. Хосууд хуримандаа 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөн ирж, бенз жийпний цуваа хотын гудамжийг бүрхэн ёстой л хэний охин хуримлаж буйгаа  харуулсан даа. Найр хуримын бараа сүрийг яривал намрын шаргал навчсыг ичтэл хуримласан гэхэд ч болно.

 

Баримт 11. Э.Хуланг гэргийгээ  болгон хуримаа хийсэн азтай залуу бол Дорнодын харьяат нэгэн. Түүний  аав ээж нь Дорнодын Төмөр замд насаараа ажилласан эгэл ардууд.  Эдүгээ цагт буян буянаараа,  будаг өнгөөрөө гэгчээр томчууд хоорондоо худ ураг болдог жаяг үйлчилж буй. Тэгвэл Э.Хулан тэднээс өөр сонголт хийсэн нь ард түмний талархыг хүлээсэн. Тэд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн нэг ангийн хоёр. 

 

Баримт 12. Аавын хайранд өлгийдүүлж өссөн Хулан намрын шаргал навчсыг ичтэл хуримлахдаа улс төрд хөл тавих захиалгаа хэдийнэ өгсөн байсан гэх яриа байдаг. Тиймээс хуримынхаа маргааш л шинэ албан тушаалдаа очсон гэх яриа гарсан.

 

Баримт 13. Хэдэн жилийн өмнө аравдугаар Богд мэндэлнэ гэсэн яриа гарсансан. Тухайн үед зохиолч  Д.Батбаяр “Дилав хутагтын эргэн тойронд” нийтлэлдээ “М.Энхболдын охин Монголын шарын  шашны эзнийг төрүүлэхээр биеэ бэлтгэж буй” хэмээн  бичиж байжээ. Хатагтай Э.Хулангаас төрсөн хүү  үнэхээр Богд гэгээн мөн эсэхийг цаг хугацаа харуулах буй за.  

 

Баримт 14. Нэгэн зүйлийг эргэн санахад, тэрбээр орон нутгийн сонгуулийн үед "Би аливаад уян зөөлөн, торгон мэдрэмжтэй, амьдралд ойр, үнэний талд  зогсох үедээ  иртэй хатуу байх болно" хэмээн өөрийгөө сурталчилсан байдаг.  Түүний хэр хатуу байхыг ирэх  он жилүүд л  харуулах байх даа.  

 

Баримт 15. Э.Хулан нэртэй төртэй, баян тансаг айлын эрх, танхи охин ч зарим нөхдүүдийн адил аав, ээжийн нэр төрийг сэвтээгээгүй нэгэн учраас сонгинохайрханчууд хийгээд МАН-ынханд таалагддаг. Энэ нь түүний бас нэгэн давуу тал билээ.

 

Баримт 16. Өдгөө дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлын хажуугаар НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг. Мэдээж хэрэг улс төрийн  хоёр албан тушаалыг зэрэг хашна гэдэг амаргүй ч тэрбээр эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг гүйж яваа аж.

 

Баримт 17 . Хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүдийг нэрлэх нэгэн нэршил бий. Тодруулж хэлбэл, баян айлын бандгар гэхчилэн. Тэгвэл үүнд Э.Хуланг яг зохицсон хэмээн ярьдаг. Ер нь, оргүй бус ханатай мэт. Бас л даацтай хөвсгөр бүсгүй шүү.

 

Баримт 18.  Э.Хуланг тарган цатгалан гээд л гоочлох хүн олон. Гэхдээ хүн бүрт өөрийн гэсэн зовлон бий. Тэгвэл Э.Хуланг сахарын өвчтэй гэж мэдээлсэн байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг элдэвлэгч нар минь түүнийг бүү гоочил. Та ч бас охин үртэй л байлгүй.

 

Баримт 19. Эмэгтэй хүн улс төрийн тогоонд чанагдах тийм ч хялбар биш. Адаглаад ар гэр, үр хүүхэд  гээд яривал олон зүйл бий. Мөн гэр бүлийн хүний дэмжлэг байхгүй бол явах  ч юм биш. Тэгвэл түүнийг улстөрч болохыг нөхөр Чинзориг нь хоёргүй сэтгэлээр дэмжиж, зүтгүүлсэн гэдэг. 

 

Баримт 20. Өнөөдөр түүний амьдралын маршрут тодорхой болжээ. Өглөө ажил, орой гэр аж. Учир нь, түүний хаших алба цөөдөөгүй.

 

Баримт 21. Түүний хувьд тансгийн дээдийг эдэлж, эцэг эхийн хайранд умбаж өссөн ч эдүгээ Э.Хулан гэр хорооллын гудамж хэрэн хэсч, айлын нохой боргуулан явна. Барагтай баянтай айлын бацаан ийм ажил хийгээд гүйж байхгүй. Болж өгвөл тансаг өрөөнд ширээний араас хүн загнаад сууж байхыг хүснэ. Харин Э.Хулан тийм тансаглал хэрэггүй гэж үздэг.

 

Баримт 22.  Улс төрийн хатуу хөтүү амьдралыг сонгосон зарим талаар буруудаагүй. Тэрбээр 2017 оны шилдэг улстөрч болсон.

 

Баримт 23. М.Энхболдын гүнж  чамин ганган зүүсгэл чимэглэлд  туйлын дуртай. Түүндээ ч мөнгө харамгүй зарцуулдаг. Эмэгтэй хүн юм хойно элдвийн чамирхалд дуртай байлгүй ч яах вэ.

 

Баримт 24. Хулан хатны хувцас шүүгээндээ хэдийнэ багтахаа больж, тусгай өрөө гаргасан гэж дуулдсан. Зөвхөн хавар намрын гутал нь гэхэд дангаараа 130 гэнэ лээ. Тэр загвар сайтай, хөлд эвтэйхэн гуталд гар татдаггүй гэнэ.  

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 8
  • 1
  • 2
  • 0
  • 5
  • 0
  • 25
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан