Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.22
-35
Өдөртөө
-43
Шөнөдөө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан нар аа гэж...

2018 оны 1 сарын 13

 

Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс  хойш  хугацааны зургаа дахь, биеэр эдэлсэн тав дахь  Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.

Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш  28 дахь онтойгоо золгов.

Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй  тун давгүй  сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.

Дээлээ завааруулж зогссон  Ерөнхийлөгчийн  “хээгүй”  дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын  “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжсан.  

Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид  тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.

Уул уурхайн инженер мэргэжлээр  хойно сурсны хэрэг юу билээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг  холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд  монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг  ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн.  

 

Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын  ус ширгэн хатаж, ойн баялагийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн  бэлээхэн түүх байж л байна.

 “Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг  өөрөө авч социализмын үед хайгуул хийж нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт  сумын алтны ордыг сорчлон олборлоод нөхөн сэргээлт хийлгүй Хятадын нэгэн компанид 800.000 ам. доллараар зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн  зайлж одсон байдаг.

Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонон байж, төсвөөсөө хянаж, тасдсаар  160 сая төгрөгрөөр энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.

Тэр үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн зуун мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол  Хуримын ордны  хажууд байсан харшаа газартай нь  “МСS” компанийн эздэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад  “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж явсан дуулддаг.   

“Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө “хээгүй” нь дэндсэн П.Очирбат  хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа  хүлээчих хэрэгтэй. Ер нь эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны  хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг  малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.

“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “тогтвортой” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.

 

Одоогоор тодроод байгаа таван “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарьчихаад хээв нэг малийгаад явж байна.  Дараагийнх нь  Н.Багабанди  хэмээх  сөөвгөр сахалтай  Төрийн “хар хүн” Оюу толгойд монголчуудын эрх ашгийг хамгаалсан нэрээр сард 40 мянган ам. долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг  тавьж,  монголчуудын эрх ашгаас  холдож хөндийрсөн  Н.Багабанди даргаас  Оюу толгойн талаар нааштай  өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр  Оюу толгойн алдаатай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч  талаараа нийцэхгүй.

Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс  өөрөөр  монголын ард түмэнд  хэрэгтэй 

өнөөдрийнх нь амьдралд наалдах ганц ч  ажил хийлгүй хувиа бодож, довоо шарлуулсаар л яваа  Н.Багабанди  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын байр хавиар идэвхтэй эргэлдсэн ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй  учир том бодлоо орхисон гэдэг.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор УИХ дахь ганц төлөөлөл болсон О.Баасанхүүтэйгээ тулга тойрсон хэл ам хийж, түүнийгээ намаасаа хөөлөө, туулаа гэсхийгээд л гэлдэрч явна. Н:Энхбаярын гараас нь хөтөлж Монголын улстөрд оруулж ирсэн М.Энхболдоос эхлээд Уул уурхай, хүнд үйлвэрийн дэд сайд Д.Загджав зэрэг товаришууд өнөөдөр Монголын улстөрд ямархуу балаг тарьж, дуулиан үүсгээд харайлгаж явааг тоолоход л Н.Энхбаярын буян нүгэл тодорхойлогдоод ирнэ. Үнэн хэрэгтээ Монголын төрийг мөнгөөр хэмждэг болох, мөнгөөр бүхнийг шийддэг гажиг тогтолцоо хүчээ авахад Н.Энхбаяр багагүй үүрэг гүйцэтгэснийг ч шударгаар хэлэх л ёстой. Ийм л нэг Ерөнхийлөгч асан өнөөдөр чимээгүйхэн довоо шарлуулаад сууж байна.  

 

“Шударга л байцгаая л даа” хэмээн  уриалан гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  сүүлийн үед хувь хүний эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж хаана рок тоглолт болно тэнд хоёр гараа байдгаар нь өргөчихсөн л харайлгаад яваа. Гэхдээ сүүлийн үед Ц.Элбэгдоржийн МАНАН бүлэглэл цагийн шалгуурт өртөж Эрдэнэтийн 49 хувиа Монголын төрд алдсан, гол хамтрагч М.Энхболд нь МАН-ын даргын суудлаас шавхуурдуулсан, Тавантолгойд тааламжгүй байдал үүссэн гээд багагүй хохирол амсаад байгаа учир мань эрийн тухайд өдөр бүр “Цэнгэн хөгжилдөх” нөхцөлгүй шахам болж буй нь ойлгомжтой. АСЕМ-ын чуулга уулзалтыг сүр бадруулан зохион байгуулахдаа улсын төсвөөс 6 орчим тэрбум төгрөг зарлагдсан, Богд уулын энгэрээр нэг нь л тэрбум гаруй төгрөгийн үнэ ханштай 52 ширхэг тансаг хаус бариулж өнөөдөр тэнд нь Монголын улстөрчид төсвөөс хулгайлсан мөнгөөр тансаглан амьдарч байгаа гээд Ц.Элбэгдоржийн нүгэл буяныг дэнслэх ёстой маш олон асуудал бий. Хамгийн сүүлд МАНАН-гийн гол "Улаан хамгаалагч" ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдаар томилох асуудал босч ирэх үед ямар хэрэг явдал дэгдэв, юу болов гээд Ц.Элбэгдоржтой далд шижмээр холбоотой маш их маафаан байгаа нь ойлгомжтой. Ийм л нэг нөхөр өнөөдөр чөлөөт иргэний хувиар эрх чөлөө гэгчийг жинхэнэ утгаар нь савируулаад давирч явна. 

Ердийн л  дөрвөн Ерөнхийлөгч асан, өнөөдрийн дөрвөн иргэний  амин зуулга, ажил төрлийн зах зухаас дурьдахад нэг иймэрхүү.   

Д.Түвшин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан