Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын санаачилгаар "Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" төслийг хэрэгжүүлжээ.
Энэхүү төслийг 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж дуусаад өчигдөр /2018.01.18/ тайлангийн хурлаа хийлээ.
Тус төслийг Хан-Уул дүүргийн 75, 118 дугаар ерөнхий боловсролын дунд сургууль болон Хүнс, технологийн политехникийн коллеж зэрэг гурван сургуульд хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд сургууль тус бүр 20 үе тэнгийн сурагчдаар дамжуулан сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн оролцоотойгоор сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого бий болгосон тухайн төслийн давуу тал юм.
Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлснээр сургуулийн орчин дахь аливаа эрсдэл, үе тэнгийнхний дарамт, гадуурхал, багш сурагчдын хоорондын үл ойлголцол буурахаас гадна эцэг эхийн хараа хяналт нэмэгдсэн үр дүнтэйгээр уг төсөл амжилттай хэрэгжсэн байна.