.
Энэ сарын 15-17-нд анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийж Монгол Улсын Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмчихээд ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүндхэн шалгах өдрүүд ирж байна. Учир нь Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч эрс чангарна. Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй гэж байна. Монгол орон даяар 65.9 сая мал өвөлжиж, хаваржих учир өвөлжилт ийнхүү хүндэрч байгаа нь Засгийн газрын тэргүүний санааг багагүй зовоох нь ойлгомжтой. Яг хүйтэрч эхэлж байхад Хэнтий аймгийн өвсний фонд гал түймэрт өртөж ихэнх өвсөө шатаачихсан тухай ярьж байна. Мөн Баянхонгор аймгийн хойд талын сумдууд ямар ч өвс тэжээлийн нөөцгүй болж, өвөлжилт нь тун хүндэрч байгаа талаар өчигдрөөс мэдээлж эхлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт оны өмнө 12-р сарын 01-нд өвөлжилтийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ дагуу УИХ-ын чуулганаар асуулгын хариуг сонсгосон билээ. ӨнөөдөрМонгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 14 аймгийн 114 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Энэ долоо хоногоос энэ сарын сүүлч хүртэл -40-өөс -50 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэдгийг цаг уурын байгууллагууд мэдээлж байгаа. УИХ-ын гишүүд өвлийг эрсдэл багатай давах асуудлаар асуулга тавьсаны үр дүнд Засгийн газар улсын нөөцийн салбар, цэгт байгаа 8000 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан зудтай байгаа Ховд, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилахаар болсон. Энэ бол зудтай байгаа Ховд аймгийн Буянт Манхан, Мөст, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Мөнххайрхан сумдын малчдын хувьд мэдээж сайхан мэдээ. Хамгийн гол нь үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгож байгаа энэ өвс тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулахдаа нүдээ олсон байдлаар, жинхэнэ хэрэгтэй эзэнд нь өгөх нь маш чухал юм. Энэ чухал ажилд ам ажил хоёр нь зөрж болохгүй. Бас төр үүрэг хүлээж байгаа шиг малчид ч харилцан үүрэг хүлээж малаа даатгуулдаг болох ёстойг УИХ-ын гишүүн С.Бямбацогт сануулж байгаа.
Баруун дөрвөн аймагт өвөлжилт бас л ихээхэн хүндэрч Увс, Баян-Өлгийд өдөртөө 30-36 градус хүрч хүйтэрч эхлээд байгаа аж. Урд шөнө Баян-Өлгийд 3 хүүхэд гэртээ угаартаж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээлэв. Ихэнх нутгаар 5-25 см цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаа энэ үед хүйтний эрч эрс чангарч, энэ хүйтрэлт 10-15 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа нь Ардын Засгийн газарт багагүй хүндрэл учруулах нь ойлгомжтой юм. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарыг сандраах өдрүүд айсуй.
Д.Түвшин
Сэтгэгдэл (4)