Яг одоо төрийн ордны Ардын Их хурлын их танхимд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд уг чуулганд Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарын төлөөлүүд оролцож багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ерөнхий боловсролын системд хийх шинэчлэлт өөрчлөлт зэрэг олон асуудлыг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий сайдад хандаж “Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх шаардлагатай байна. Энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байна” гэснийг У.Хүрэлсүх сайд хүлээн авснаар өнөөдрийн энэхүү чуулган зохион байгуулагдаж байгаа ажээ.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын зүгээс 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхлэх зорилт дэвшүүлжээ. Мөн гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох зорилт дэвшүүлээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх, багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгааг Ерөнхий сайд илтгэлдээ онцолсон юм. Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган үргэлжилж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (3)