Ж.Эрдэнэбат болон У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдыг дамнан “Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ” гэсэн яриа олонтаа сонсогдож Улаанбаатарын гэр хорооллын 230-аад мянган өрх айлууд цахилгаан халаагуур тавьж, шөнөжин залгаастай хонож эхэлсэн нь сар гаруйхны өмнөх явдал. Гэтэл сүүлийн үед “Цахилгааны төлбөр дийлдэхээ болилоо. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар худлаа ярьсан байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглээгүй юм байна. Ард иргэдээ ингэж муухай хуурдаг нь яаж байгаа юм бол” хэмээн бухимдсан иргэдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Цахилгааны шөнийн тарифыг 22-06 цагийн хооронд тэглэнэ гэсэн ч 1500 квт-ыг давсан тохиолдолд хэрэглэгчид төлөх мөнгөө нэмж тооцуулах талаар цахилгаанчид ярьж байгаа аж. Түүнчлэн утаа хамгийн ихээр үйлдвэрлэдэг хоёрхон хэсэгт шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр хэрэгжиж байгаа бөгөөд Амгалан, Улиастай, Хужирбулан, Гацуурт зэрэг Баянзүрх дүүргийн бүсүүдэд энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа нь үнэн болж таарч байна. Уг нь бол Улаанбаатарын шөнийн цахилгааны үнийг ОХУ-д урьдчилаад төлчихдөг учир үнэгүй түгээх ёстой гэдгийг Цахилгаан дамжуулах сүлжээ компанийн ажилчид ярьж байгаа юм. Гэтэл Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх Ерөнхий сайдууд гэр хорооллын амьдралын боломж тааруу иргэдийнхээ сэтгэлзүйгээр ингэтэл тоглох ямар шаардлага байсан юм бол. Гэр хороололд амьдардаг танил сэтгүүлч дүүгийн цахилгааны төлбөр 393 мянган төгрөг гарч "Амьжиргаагаа бодоод нүүрсээ түлэх үү, эрүүл орчныг бүрдүүлэх энгийн амьдралаа бодоод ингээд дампуурах уу" хэмээн бичиж сууна. Үнэн байдал амьдрал дээр ийм л байна. Ийнхүү молигодуулсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж бухимдлаа илэрхийлж эхэллээ. Дээр нь УИХ дахь сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцохоо илэрхийлж эхлээд байгаа. Ямартай ч Цагаан сараас өмнөхөн юмуу дараа нь засаг төр бужигнах нь тодорхой болж байх шиг.
Д.Түвшин
Сэтгэгдэл (5)