Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар тус улсад айлчилж Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмчихээд ирсэн. У.Хүрэлсүх сайд айлчлалынхаа хүрээнд олон асуудал ярилцсаны нэг нь "Монголчуудыг БНСУ-д визгүй зорчуулах тухай" орсон болов уу. Ямартай ч Ерөнхий сайд маань ирснийхээ дараа "Ажилгүй иргэд БНСУ-д очиж ажиллаж аж амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй" гэсэн. Уг нь 2017 оны 11 сарын байдлаар 131 мянган хүн ажилгүй байгаа мэдээлэл гарсан байсан. Тэднээс идэвхтэй ажил хайж байгаа нь 29 мянган хүн гэж байгаа юм. Үнэндээ Монголчууд БНСУ-руу визгүй зорчлоо гээд тэнд очоод харлаж үлдэх хүмүүсийн тоо бол БНСУ шиг Азийн бар эдийн засагтай улсын хуьд ёстой л "Элсэнд асгасан ус" шиг л үнэндээ шалихгүй асуудал. 145 сая хүнтэй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2013 оны 11 дүгээр сарын 13-нд БНСУ-д ганцхан хоногийн айлчлал хийж харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурчихна лээ. Визгүй болсон оросуудаас дор хаяж зургаан сая хүн БНСУ-д эхний ээлжинд гарна гэсэн тооцоог “Эхо Москва” радио мэдээлж байсан. Гэтэл 2017 оны есдүгээр сарын байдлаар ердөө 520 мянган Орос л БНСУ руу гарсан тооцоо хийсэн байсан. Удахгүй БНСУ-руу визгүй зорчдог болчихвол уг нь Монголчуудад хэрэгтэй л юмсан. Визгүй боллоо гээд тийшээ явах, тэнд үлдэх хүмүүсийн тоо бол одоо байгаа 45 мянга дээр ойролцоогоор 30 мянган хүн л болох болов уу. Нийлээд дээд тал нь 80 мянга болох биз. Энэ бол БНСУ-ын хувьд үнэндээ юу ч биш л дээ. Тэнд 1.5 сая Вьетнам, 2 сая орчим Филлипин, сая гаруй Индонез гээд Азиуд маш их бий. Тэдний хажууд 80 гаруйхан Монгол бол үнэндээ “Өвсөнд унагасан зүү эрэх” төдийний л асуудал гэдгийг Солонгосчууд сайн мэдэж байгаа тул тун удахгүй манайхныг визгүй зорчуулдаг болгож болзошгүй. Тэгвэл ёстой л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр “Ажилгүй Монголчууд Солонгост очиж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж нээгдэх” юм. Харин тэр цаг хэзээ бол.
Д.Түвшин
Сэтгэгдэл (7)