Румыны Авлигатай тэмцэх үндэсний газрын тэргүүн 44 настай Лаура Кодрута Ковеси гэдэг энэ эмэгтэй төв Европын хамгийн дорой хөгжилтэй, авлига хээл хахууль хамгийн их цэцэглэсэн энэ орныг эмх цэгцэнд нь оруулахаар эмэгтэй хүнээс гарамгүй зориг зүрхтэй ажиллаж байгаа нэгэн. Саяхан Румын улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон. Тухайлбал дөрөвхөн хоногийн өмнө Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис “Социал демократ" намын нэр дэвшигч Виорика Данчилаг тус улсын Ерөнхий сайдаар томилсон билээ.
Эмэгтэйчүүд нэг зориглосон зүйлдээ тууштай, зоригтой дайчин улс гэдгийг эрчүүд мэднэ. Ийм л хоёр эмэгтэй удирдагч Румын улсаа аврахаар бахархмаар зоригтой тэмцэж байна.
Харин манай эрэгтэй улстөрчид хөшигний араар нийлж хуйвалдан хулгайлсаар л явна. Ядаж л Рио Тинтогийн шар толгойтой даргатай зоригтойхон ярьчих, асуудлыг Монголдоо ашигтайгаар эргүүлэх Ерөнхий сайд болон салбар хариуцсан сайд одоогоор алга. Үнэн байдал ийм л байгаа.
Харин манай АТГ-ын даргаар 2016 оны долдугаар сарын 8-нд томилогдож байсан Х.Энхжаргал гэгчид Румын бүсгүй Лаура Кодрута Ковесийн хэмжээний эр зориг, үнэнч шударгаар ажиллах зарчимч байр суурь үнэндээ алга гэдгийг Монголчууд өнгөрсөн жил долоон сарын хугацаанд хангалттай харлаа, хамаг л чадлаараа дургүйцлээ илэрхийлцгээлээ. Гэтэл өнөөдөр тэр нөхөр шударга шүүмжлэл тавьж, “Чи ажлаа хийж чадахгүй байна” гэсэн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай тэмцэлдээд үндсэн ажлаа мартчихсан л харайлгаж явна. Үнэндээ Румыний зоригт бүсгүйчүүд Монголд яасан их үгүйлэгдэнэ вэ. Сарын 3200 еврогийн цалинтай Лаура Кодрута Ковеси дарга ипотекийн зээлээр авсан хоёр өрөө байранд даруухан амьдардаг гэдэг. Өдөртөө нэг авлигачийг шорон руу илгээдэг Румын дарга бүсгүйтэй харьцуулвал манай дарга нар болж л өгвөл Зайсанд өөрсдөө дотор нь төөрчих шахдаг том том хаусанд тарвалзан амьдардаг. Монголд үгүйлэгдсэн Румын дарга бүсгүй, Монголын авлигачин дарга нарын хооронд ийнхүү өдөр шөнө шиг л ялгаа байдаг юмсанж.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)