Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Свзан Торнтонтой уулзаж “Оффшор данстай Монгол иргэдийн мэдээлэлийг олж авах, тэрхүү хууль бус хөрөнгийг буцаан оруулж ирэхэд АНУ-ын дэмжлэг хэрэгтэй байгаа”-г онцлон хүссэн билээ. Мөн авлигын эсрэг Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй Лаура Кодрута Ковеси ямар мундаг ажиллаж байгааг дурдаад “АНУ Румынд тийм арга хэмжээ болон мэдээлэл олж авахад тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэж бодож байна. Манай АТГ-т мөн энэ тусламж хэрэгтэй байна” хэмээн маш чухал хоёр асуудлыг онцлон ярьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.
Одоогоор Монголын 49 иргэн оффшор бүсийн 61 компанид хувь эзэмшиж байгааг АТГ-аас зарлаад байгаа. Энэ ч утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-нд “Оффшор бүсэд хөрөнгө мөнгөө байршуулсан улстөрчид болон төрийн албан хаагчид 49 хоногийн дотор мөнгөө Монголдоо оруулан ирэхийг уриалж байна” хэмээн тэдэнд 49 хоногийн хугацаа өгсөн билээ. Тэр хугацаа нэлээн өнгөрсний дараа оффшор бүсээс “Петровис”-ын захирал Д.Энхчимэгийн аав Ч.Давааням л 4.3 сая ам доллар Монголд оруулан ирсэн бөгөөд Ч.Даваанямын хувьд АНУ-д амьдраад удаж байгаа нэгэн гэдэг.
Харин өнөөдөр хэл амтайхан Их Британи, Умард Ирландын Вант Улсад Элчин сайдаар сууж байгаа С.Баяр эхлээд Монголоос анх оффшорт холбогдож, сүүлдээ бүр БНХАУ-ын иргэншилтэй болж таарсан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гээд оффшорт данс эзэмшигч олон эрхмүүд “Усанд хаясан чулуу шиг” таг чиг алга болчихоод байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү ард түмэндээ амлаж гарч ирснээ ажил хэрэг болгохоор АНУ-аас дэмжлэг хүсчээ.
Харин АНУ-ын засаг захиргаа, Төрийн департмент нь ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа. Уг нь АНУ-ын Төрийн департментын зүгээс Монгол Улсын НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа байдлыг ихэд өндрөөр үнэлдэг гэдгээ байн байн илэрхийлсээр ирсэн билээ. Тэгэхээр “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр Монгол төрийн тэргүүний аргаа барсан гуйлтын хариуг АНУ дөмгөхөн шиг барих болов уу гэсэн горьдлого, итгэл Монголчуудад төрж байгааг хэлэх нь зүйтэй. АТГ-ын гар мухардаж, дарга даамлуудынх нь амыг хамхиж, эрх мэдлээр нь боомилочихоод байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департменттэй харилцаагаа идэвхижүүлэх замаар хулгай, луйврын замаар Монголоос гарч далай давуулан нуусан 17-19 тэрбум ам долларын ядаж талыг нь олоод авбал Монгол Улс их өрийнхөө талыг нь ч болтугай төлж, бид маргаашдаа арай жаахан итгэлтэй болохсон.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)