Түүхэн үйл явдлын гэрч
Эрдэнэтчүүд баяраа тэмдэглээд сүйд. Чих часхийлгэж, хацар хайрах идэр есийн жавар тэдний баяр хөөрийг дэмжиж байгаа гэлтэй -28 хүрч тачигнав. Их ажлын ард гарснаа, монгол хүн, Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж юу бүтээж чадсанаа орон даяар бахархалтайгаар зарлан ёслолын тууз хайчилж буй хамт олонд хөндийгөөр хүүгэх жавар хүртээлгүй ажээ.
Зэрэгцүүлэн суурилуулсан генераторууд хүнгэнэж, түнийг давж гаргах гэсэн зочид хамаг чадлаараа хашгиралдах нь инээдтэй ч бүгдийнх нь царайд баярын мишээл тодорно. Бас бүгд энгэрээ зангидсан улаан туузаар гоёсон харагдана. Тодруулбал, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралыг дагаж хямарсан бус эсрэгээрээ хөрөнгө гаргаж, Дулааны цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөснөө өнгөрсөн даваа гаригт улсын комисст хүлээлгэж өглөө. Ийнхүү хүчин чадлаараа гуравт эрэмбэлэгдэх дулааны бас нэг цахилгаан станц ашиглалтад орлоо. Хүчин чадал нь 53 мВт.
Ёслолын ажиллагааны дундуур мэргэжлийн бус хүний хувьд станцын хүчин чадлыг тодотгох үүднээс “Эрдэнэт “үйлдвэрийн ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатаас “Суурилагдсан хүчин чадлыг 48 мВт нэмж өргөтгөнө гэж чухам юуг хэлээд байгаа хэрэг вэ. Энгийн үгээр нэг аймгийг цахилгаан, дулаанаар хангах хэмжээний станц шинээр ашиглалтад орж байна гэж ойлгож болох уу” хэмээхэд цаашлуулангуй инээмсэглээд “Монгол Улс V цахилгаан станцтай болох тухай асуудлыг ярьсаар нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Манайх шиг таван станц ашиглалтад оруулахад л гаднаас цахилгаан импортлохгүйгээр эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэнэ”.
“Эрдэнэт” үйлдвэр өмнө нь хэрэглэгч байсан эдүгээ үйлдвэрлэгч боллоо” гэсэн нь чухамдаа олон зүйлд хариулт өгсөн байж мэднэ.
Энэхүү “Эрдэнэт” үйлдвэр төдийгүй эрчим хүчний салбарт тохиосон түүхэн үйл явдалд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, “Эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн БНХАУ-ын ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Ли Ян Жин, Дулааны цахилгаан станцын суурьлагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх төслийн гүйцэтгэгч “Харбин электрик интернэйшнл” ХХК-ийн төслийн ерөнхий инженер Пэн Тао болон албаны бусад хүмүүс, станцын хамт олон гээд олон арван зочид, төлөөлөгчид гэрч болсныг онцлон дурдахад таатай байна. Мөн энэ үеэр бүтээн байгуулалтын ажилд идэвхи зүтгэл гаргасан гурван хүнийг эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан.
36 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАНА...
“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц 48 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор суурилуулах өргөтгөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар жилд 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний жилийн нийт зарцуулалт нь 946.2 сая.квтц бөгөөд үүний зардал 225 тэрбум төгрөг болдог.
Харин энэхүү өргөтгөл ашиглалтад орж, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн Дулааны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсанаар улсын нэгдсэн сүлжээнээс худалдаж авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулж, зардал хэмнэнэ.
Өөрөөр хэлбэл, зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18.3 тэрбум төгрөгийн орлогыг шинээр бий болгох боломжтой. Ингэснээр нийт 36.5 тэрбум төгрөгийн ашиг олно гэж компанийн эдийн засагчид тооцжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд нөхнө.
Станцын өргөтгөлийг улсын комисст хүлээлгэж өгөх ёслолыг Уулын баяжуулах “Эрдэнэт “үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нээж хэлсэн үгэндээ ”Анх 1976 онд Дулааны цахилгаан станц нэртэйгээр байгуулагдаж байсан тус станцыг 2011 онд таван мВт-ын хүчин чадалтай ДЦС болон өргөтгөсөн бөгөөд компанийн хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагийн бодит жишээ нь тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн энэхүү өргөтгөлийн ажил юм. Уг өргөтгөлийг бид өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадлыг 53 мВт хүргэсэн нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд манай компанийн оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй, бидний хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон бахархалт үйл явдал юм. Өргөтгөлөө улсын комисст хүлээлгэн өгч байгаа баярт мөчид би миний өмнө үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, өөрөөр хэлбэл төсөл ажил хэрэг болгоход ихээхэн зүтгэл гаргасан Ц.Даваацэрэн, орлогч захирал Д.Даваасамбуу, Б.Болдбаатар, төслийн зөвлөх Д.Батчулуун, ДЦС-ын Г.Мөнх-Эрдэнэ даргатай хамт олон, төслийн гүйцэтгэгч Харбин электрик интернэйшл “ ХХК-ийг онцлон дурдахыг хүсч байна ” хэмээсэн.
СТАНЦЫН НУУЦААС
Ямар үйл явдал өөрийн нууц, түүхийг хадгалж үлдсэн байдаг. Дулааны цахилгаан станц ч ялгаагүй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан 1976 онд ашиглалтад орж, Эрдэнэт хот болон үйлдвэрээ дулааны эрчим хүчээр хангаж ирсэн түүхтэй. Харин 1985 онд үйлдвэр уургүй технологид шилжсэнээр уурын хэрэглээ 10 дахин багассан байдаг. Чухам энэ үеэс станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрч өвөлдөө хоёр, зундаа ганц зуухаа ажиллуулна. Тэр бүү хэл зуны улиралд ажилчдаа тараадаг байсан гэнэ. Үе үеийн үйлдвэрийн удирдлагууд, энергетикүүд станцынхаа хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө оюунаа уралдуулан станцынхаа суурьлагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх нь зөв гэх шийдэлд хүрсэн өдгөө ажил хэрэг болсон нь энэ. Тодотгож хэлбэл, тэд нэгдүгээрт станцын 320 ажилчин тэдний ар гэрийг тэргүүн зэрэгт тавихын хамт станцын тоног төхөөрөмж, байр савыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухал гэж үзсэн хэрэг. Өөр хэд хэдэн шалтгааныг үндэслэл болгожээ. Тэр нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээ, Монгол Улсын гаднаас импортлож буй өндөр үнэтэй эрчим хүч, эрчим хүчний үнэ тариф. Энэ бүхнийг шийдэхэд, “Эрдэнэт” үйлдвэр ямар байдлаар хувь нэмрээ оруулах вэ зэрэг асуудалд олсон гарц нь ДСЦ-аа 48 мВт –ын өргөтгөх нь зөв гэх шийдэл. Үнэн хэрэгтээ энергетикүүд үүний төлөө ухаанаа уралдуулаагүй бол станц хэдийнэ зогсч, барилга балгас болж, тоног төхөөрөмж нь зэвэнд идэгдэх эс бөгөөс төмрийн хог болон ачигдах байсан байж ч мэднэ. Мөн станцын халуун ам бүл тэр чигээрээ гудамжинд гарч ажилгүйчүүдийн эгнээнд шилжих байсан биз ээ. Энэ бүх асуудлыг шийдэж чадсаны гавьяа эдүгээ дөрвөн генератор хүнгэнэж, станцын суурилагдсан хүчин чадал 48 мВт-аар өргөжиж, 53 мВт хүрснийг сэтгүүлчид нүдээр харж, Монгол Улсад хүчин чадлаараа гуравт эрэмбэлэгдэх станц ашиглалтанд орсон тухай сайхан мэдээний гэрч болон ард түмэндээ хүргэж сууна.
Д.БАТЧУЛУУН: АНХ УДАА АЛБАДМАЛ ХӨРГӨЛТТЭЙ ХӨРГӨХ ЦАМХАГИЙГ СОНГОЛОО
/“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер/
-Би 1970-аад онд Москва хотод Эрчим хүчний дээд сургуулийг уурын болон хийн турбин зохион бүтээгч инженер мэргэжлээр сурч төгссөн. Одоо 38 дахь жилдээ эрчим хүчний системд ажиллаж байна.
ДЦС-ын өргөтгөлд ямар тоног төхөөрөмж байх ёстой, цаашид станц ямар горимоор ажиллавал хэвийн найдвартай ажиллах вэ гэдэгт анхаарч, үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн сонголт хийхэд зөвлөсөн. Станц маань цахилгаан, дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэнэ. Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Тиймээс сонгож авах турбин нь нэгдүгээрт, үйлдвэр дулаацуулгын авлагатай байх ёстой. Хоёрдугаарт, өвөл хаврын шилжилтийн цаг агаарын ачааллыг, мөн зуны улирлын цахилгааны ачааллыг авахын тулд конденсацийн горимд ажилладаг байх шаардлагатай. Ингэж байж станц дөрвөн улиралд хэвийн горимоор, төслийн бүрэн хүчин чадлаар ажиллах бололцоотой. Үүний үр дүнд дөрвөн турбины хоёр нь үйлдвэр дулаацуулгын авалгатай, хоёр нь цэвэр цахилгаан үйлдвэрлэдэг машин сонгосон. Турбинууд маань сүүлийн үеийн удирлага хяналтын системтэй. Өөрөөр хэлбэл турбин ажиллуулах, зогсоох бүх үйл явц автомат удирдлагаар явагдана. Үүнээс гадна хөргөх цамхаг гэж чухал тоног төхөөрөмж байдаг. Турбинд ажиллаад гарсан уурыг хөргөж байнгын эргэлтэд байлгадаг тоноглол юм. Энэ нь хэд хэдэн хийцтэй байдаг. Монголын эрчим хүчний системд анх удаа албадмал хөргөлттэй хөргөгч цамхагийг сонгож авсан. Одоо хэвийн ажиллаж байна. Гол гол тоноглолуудын сонголт үндсэндээ оновчтой болсон гэж үзэж байгаа. Түүнчлэн станцын үе үеийн хамт олон дулаанаас гадна цахилгаан үйлдвэрлэхийг хүсч байсан. Тэдний олон жилийн мөрөөдөл биелж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж хувирсан үйл явдал нь энэ төслийн гол онцлог. “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч 40 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, төвийн эрчим хүчний системийн хамгийн тогтвортой, эдийн засгийн баталгаатай том хэрэглэгч байсан. Энэ утгаараа Монголын эрчим хүчний системийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангахад том дэмжлэг, хувь нэмэр оруулсан үйлдвэр. Одоо Монголын эрчим хүчний гурав дахь том эх үүсвэрийг бий болголоо. Энэ нь төвийн эрчим хүчний системийн хүчдэлийн тогтворжилт, найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.
Ш.ТӨРБАТ: МАНАЙ СТАНЦ ХҮЧИН ЧАДЛААРАА УЛСАД ГУРАВТ ЭРЭМБЭЛЭГДЭНЭ
/Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн удирдагч “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч, Эрчим хүчний хэлтсийн дарга/
-Олон улсын хэмжээнд тендер зарлахад Араб, Герман, Чех, Орос, Хятад, манай улсын гээд нийтдээ 16 компани тендерийн материалаа ирүүлснээс Хятадын “Харбин электрик интернэйшнл” компани шалгаруултад тэнцсэн. Энэ компани үнийн хувьд хямд, гадаадын 52 төсөлд оролцсон туршлагатай. “Харбин электрик интернэйшнл” компани их сайн ажиллалаа. Захиалагч бидний шаардлагыг хүлээн авч дор бүр нь биелүүлж, бидэнтэй нягт уялдаатай ажилласан. Ингээд 18 сард гүйцэтгэх ажлыг хугацаанаас нь хоёр сарын өмнө дуусгалаа. Улсын болон техникийн комиссын ажиллагаа бараг гурван сар үргэлжилсэн. Төслийн хүрээнд үндэслэл, тооцоо, техникийн бичиг баримт, ашиглалтын болон техникийн заавар гэхчилэн 32700 орчим хуудас бичиг баримт үйлдсэн. Бичиг баримт эхэндээ монгол, орос, хятад хэлээр, сүүлдээ монгол, хятад хэлээр бичигдсэн. Яам тамгын газарт орчуулан сийрүүлж хүргүүлсэн. Манайхан бүхэл бүтэн инстутитийн ажил хийлээ. Хятадын компанийн хийсэн зураг төслийг Монгол Улсын зураг төслийн экспертизээр оруулах ажлыг “Мон энержи консальт” компани хийж, манай Төслийн менежментийн хэлтсийнхэн бас оролцсон. Техникийн хяналтыг Эрчим хүчний хөгжлийн төвөөр хийлгэсэн. Энэ бүх ажилд бид хамтарч, тэдний зөвлөмжийн дагуу ажилласан.
Өнгөрсөн хавар Эрдэнэтэд болсон Эрчим хүчний зөвлөгөөнд оролцогчид манай өргөтгөлтэй танилцаад Монгол Улсад үлгэр жишээ болохуйц төсөл гэж үнэлсэн. Монгол улсад суугаа Хятадын Элчин сайд төсөлтэй танилцах үеэрээ “Үүнийг ашигтай хийх гэж зориогүй. Монголд хийж буй ажлын загвар төсөл маягаар хийж байгаа” гэсэн. Төслийн үр дүнд манайх Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравт орох Дулааны цахилгаан станцтай боллоо. Бид үүгээрээ бахархаж байна. Цаашдаа бид станцынхаа хүчин чадлыг сайн авахуулж, үйлдвэрлэлээ өндөр хэмжээнд явуулж чадвал чамгүй үр ашиг гарна. Ер нь хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх үр ашигтай төсөл. Мэдээж эхний жилд техник, тоног төхөөрөмжөө зүгшрүүлэх гээд ажил их бий. Боловсон хүчин бэлтгэх тал дээр нилээдн анхаарал хандуулж давхардсан тоогоор 176 хүн сургасан. Энэ төсөл маань “Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн менежменттэй уялдаж байгаа. Нийгмийн утгаараа ч сайхан үйл болсон. Олон хүн ажилтай, орлоготой болж байна. Энэ станц хамгийн багадаа 50 жил ажиллана.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
Сэтгэгдэл (3)