Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.05
26
Өдөртөө
15
Шөнөдөө

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцлээ

2012 оны 9 сарын 9
   zasag_hur_1Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болж Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүд ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг “Ажилтай, орлоготой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн” гэсэн 5 хэсэгт хуваан төлөвлөжээ. Ардчилсан намын “Монголхүн”хөтөлбөрийг үндэслэн, Иргэний зориг-Ногоон намын “Амьдрал”хөтөлбөр, МАХН-МҮАН-ын“Шударга ёс”эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрийн зарим тодорхой саналыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байна.

Тухайлбал “Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтын хүрээнд хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөв, санхүү,мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

Мөн хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангаж, цалин  амьдралд нь хүрэлцдэг байх, нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогыг халж, халамж шаардлагатай хүүхэд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,  бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийг Засгийн газар тэргүүлэх зорилтоо болгож байна.

“Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд шударга өрсөлдөөн, сонголтонд суурилсан,хамгийн чанартай эрүүл мэндийн оношлогоо,эмчилгээ,үйлчилгээ  авах боломжийг иргэн бүрт олгохоор төлөвлөлөө.

Монголын онцлогтой, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийх боломжтой байх, хүнээ сургаж бэлтгэн,  монгол соёл, өв уламжлал, их спорт, биеийн тамираа хөгжүүлж эх орноо дэлхийд данстай байлгана гэж Засгийн газар “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилтдоо тусгалаа.

Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө зүтгэнэ. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангаж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, байгалийн нөөцийг тогтвортой ашиглан, нөхөн сэргээж, хүрээлэн буй орчныг хамгаалах замаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байхыг “Аюулгүй орчинтой Монгол хүн” зорилтдоо тусгажээ.         

Төр, засгийг иргэдэд тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээтэй, төрийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон үндсээр нь өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эрх тэгш, эх орондоо, аймаг, хотдоо сайхан амьдрах нийгмийг цогцлоохын тулд “Эрх чөлөөтэй Монгол хүн” зорилт дэвшүүлжээ.

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг эцэслээд УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан