Боловсрол, шинжлэх ухааны яам “Монголын хүүхэд, залуучуудын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх номын жагсаалт” гаргасан тухай зарим хэвлэлүүдээр гарсан. Эдгээр ном, зохиолд шүүмжлэлтэй хандагсад ч цөөнгүй байна. Тухайлбал судлаач Д.Ганхуяг “Энэ номуудыг уншсан залуу хүн мэдлэг мэдээлэлтэй нөхөрлөсөн, шинжлэх ухааныг хүндэтгэдэг орчин үеийн хүн болж яагаад ч чадахгүй” хэмээн шүүмжилсэн байх юм. Үнэндээ тэрхүү 88 номын жагсаалтыг БШУЯ-наас гаргаагүй юм байна. Энэ талаар БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Танай яамнаас ЕБС-ийн хүүхдүүдэд заавал уншуулах номын жагсаалт гаргажээ. Үүнийг ямар судалгаан дээр үндэслэж гаргасан юм бол?
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар ч 88 номын жагсаалт гэж гаргаагүй гэдгийг албан ёсоор хэлье. “Оюунт монгол” гэдэг ТББ-аас гаргасан жагсаалт юм билээ. Тус байгууллагын хүмүүстэй холбогдож лавлахад “Сэтгүүлчийн алдаа гарчээ” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй. Ямартай ч манай яамнаас ийм мэдээлэл гараагүй, худлаа шүү гэдгийг хэлье.
-Цаашид ийм номын жагсаалт гаргах уу?
-Бид хүүхдийг номоор хөгжүүлэх, хүүхдүүдийг ном уншдаг болгох талаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид хүүхдэд заавал уншуулах номын жагсаалт гэж гаргана. Энэ жагсаалтыг гаргахдаа эрдэмтэн, судлаачид, ЕБС-ийн багш нар болоод олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулна. Үүн дээрээ үндэслэж номын жагсаалтаа гаргана.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)