Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хүн хүчиндэж хөнөөгөөд, цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан Ж.Нэргүйг өнөөдөр шүүлээ. Шүүх хурал таван цаг үргэлжсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Ж.Нэргүйд 20 жилийн хорих ял оноов.
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэмээн буруутгаж ялласан юм.
Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа, хохирогч, шүүгдэгчдийн ар гэрийнхэн оролцов.
Анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан хэмээх зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг. Гэвч талийгаачийн эцэг Г.Молотов үүнийг эсэргүүцэж, УЕПГ-ын дарга Д.Дорлигжавт хандсан юм. Харин Д.Дорлигжав ганцхан заалтаар зүйлчлэх хэрэг биш. Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.15, 126.1 зэрэг заалтуудаар зүйлчлэх хэрэгтэй хэмээн прокуруудад хэлжээ. Гэвч энэ сарын 10-нд болсон шүүх хурлын үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа нь 91.2.2-оос бусад зүйл ангийг нь хассан байна. Тиймээс өнөөдөр Ж.Нэргүйг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар буруутган шүүж, 20 жилийн ял оноосон юм.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нэгэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 23 настай эмэгтэй Э гэрээсээ гараад ор сураггүй алга болсон. Тиймээс түүний аав, ээж цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм. Харамсалтай нь түүний цогцсыг ес хоногийн дараа тус дүүргийн иргэн Ж.Нэргүй гэх айлын жорлонгоос олсон юм.
Ж.Нэргүй нь мөрдөн байцаалтын явцад “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” хэмээн мэдүүлж байжээ.
Мөн задлан шинжилгээний дүгнэлтээр ч Ж.Нэргүйгийн үрийн шингэн болох нь тогтоогдож, ховч ясыг хугалсан тул үхэлд хүргэсэн гэж гарсан байдаг аж.
Талийгаач Э нь 1988 онд төрсөн. Боловсролын их сургуулийн компьютер, англи хэлний багшийн ангийг төгсжээ. Тэрээр Нийслэлийн 79-р дунд сургуульд багшлана хэмээн төлөвлөөд байсан ч ийнхүү амиа алдсан байна. Харин Ж.Нэргүйгийн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Будын ах юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (30)