Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.31
27
Өдөртөө
14
Шөнөдөө

МОНГОЛ бол хогийн сав биш шүү !!!

2012 оны 11 сарын 27
амай 3Намиби улс, Этоша дархан цаазат газар.

Африк тивийн өмнөд бүсийг ерөнхийд нь туулаад, дархан цаазат газруудынх нь зохион байгуулалт, зэрлэг байгалиа хамгаалсан байдлыг судлаад, жуулчдыг хэрхэн татаж, ямар үйл ажиллагаанууд явуулж буйг тэмдэглэсээр Намиби улсын хойд бүсэд байдаг Этоша гэдэг зэрлэг ан амьтдаар дүүрэн дархан цаазат газар ирлээ.
Том газар нутгийг хашаагаар хашсан, орчин үеийн парк байна. Нэвтрэх төлбөр, хоноглох үнэ бадарчны хувьд хэтэрхий өндөр байгаа ч, тэмдэглэлдээ зориулж материал хайж байгаа тул виза картаараа тооцоогоо хийгээд майхнаа зоох эрх авлаа. Над шиг үүргэвчтэй аялагчид тэр болгон ирдэггүй, ихэвчлэн өөрийн унаатай жуулчид буудалд нь буудаллаж амардаг газар бусад хүмүүсийг бараадахаар шийдлээ. Энэ паркт арслан болон олон төрлийн араатнууд ямар ч хамгаалалт, хил хязгааргүй байдаг тул машинтай аялагчдын хажууд майхнаа зоов.

“Camel Trophy” гэдэг бичигтэй машин миний хувьд их дотно байдаг юм. Дэлхий ертөнцөөс 300 гаруй жил хашигдсан улсад төрсөн надад дэлхийн улс орнуудын тухай ярьж өгч, ийш тийш дагуулан авч явах хүн байхгүй байсан тул соц үед сайн харилцаатай байсан цөөхөн хэдхэн улсын тухай аав, ээж, ах эгч нараасаа сонсож, бусад улс орнуудын талаар тун ховорхон мэдээлэл авч байсан юм.

1997 онд дунд сургуулиа төгсөх гэж байх хаврын өдрүүдэд “Camel Trophy” аяллын тухай мэдээнүүд телевизээс салахгүй байв. “Camel” гэдэг шар хайрцагтай тамхи худалдаанд байсан үед энэ машинууд тамхи сурталчилж байгаа юм болов уу гэж бодож байлаа. Олон улс орны машины цуваа 5 сарын үед Улаанбаатарт ирэхэд ЖИЙП-ний тэмцээн гэдгийг мэдсэн юм.
Land Rover гэх бүрэн тоноглосон олон тооны, содон шар өнгийн машинууд хуучин машинтай Улаанбаатарын хаа сайгүй харагдах болж, ганц хоёрхон телевиз, цөөн хэдэн радиотой Улаанбаатарын иргэдийн ярианы гол сэдэв нь болж байлаа.
Нэг дор ийм олон үндэстний жуулчдыг харах сонин байсан бөгөөд энэ ралли Монголоор дайрч өнгөрсний дараа Монгол гэдэг нэр дэлхий дахинаа цуурайтах мэт санагдаж байв.

“Монгол улс дахиад ийм төрлийн арга хэмжээг нутагтаа хүлээн авахаас татгалзах хэрэгтэй, хориглосон хууль гаргавал таарна. Эдгээр машинууд явсан газраар байгаль дэлхий ихэд сүйрч, монголчуудын ариун шүтээн болох газар дэлхий хилэгнэнэ” гэж зарим хүмүүс сөрөг байр сууриа илэрхийлж байв.
Байгалийн баялаг нь ард түмэн, улсын өмч байсан сүүлийн жил. 1997 онд байгалийн баялгийг хувь хүн эзэмших сонин хуулийг богино хугацаанд баталсны дараа Монгол улсын газар нутаг тэр чигээрээ хонхор гүдгэр, усгүй, тоосонцортой болно гэж иргэд нь төсөөлж ч чадахааргүй байсан жил билээ.

амай 2
Дөнгөж 18 настай миний хувьд эдгээр машинуудын хажууд зогсож харах үнэхээр сайхан байсан бөгөөд, хэзээ нэгэн цагт ийм машинаар ганц өдөр ч болов аялж үзэх юмсан гэсэн мөрөөдөл тээснээс хойш 10 гаруй жил өнгөрсний дараа Африк тивийн нэгэн газар, аяллын зориулалттай Camel Trophy-гийн машинтай таарсандаа баяртай байв.
Майхнаа зоогоод, машины эзэдтэй танилцаж, яриа өдөж, өөрийгөө Монголоос яваа, дэлхийг газраар тойрох бодолтой байна гэхэд энэ хол яваа Монгол залууг тэр хоёр хараад гайхаж, бас баярлав. “Монгол оо? Ямар сонин юм бэ? Бид хоёр танай улсад аялж байсан юм. Хуушуур гэж хоол үнэхээр гоё” гэж бидний яриа маш дотно болов. -“Энэ Camel Trophy-гийн машин надад маш дотно санагддаг юм. Гадаад улс орноор ингэж аялаагүй байхдаа энэ машинуудыг, аялж буй хүмүүсийг нь хараад ингэж нэг аялах юмсан гэж мөрөөдөж байж билээ.” -“Тийм тийм, энэ машинууд танайд бас аялж байсан, тусгай тоноглогдсон загварууд. -“Машины чинь тусгай тоноглолыг үзэж болох уу?” -“Мэдээж” гээд мотор, доторх кабин, арын хэсгийг бас сонирхууллаа. Аялахад хэрэгцээтэй бүх зүйл байсан бөгөөд хэзээ нэгэн цагт өөрийн ийм унаатай болж, аялж үзнэ гэж бодлоо.

“Та хоёр хэзээ Монголд аялсан юм?” гэж асуухад “Бид хоёр Монгол Ралли-д оролцож байхдаа танай улсаар зочилсон юм. Чи Монгол Ралли гэж мэдэх үү?” “Эх орондоо байхдаа хальт сонсож байсан, гэхдээ нэг их сайн мэдэхгүй ээ”. “2004 оноос зохиогдож байгаа Монгол Ралли арга хэмжээ нь адал явдалд дуртай хүмүүст зориулсан бөгөөд 0-1000 орчим фунтийн ханштай хуучин машин худалдаж аваад түүгээрээ Лондонгоос Улаанбаатар хүртэл адал явдалтайгаар явахад зорилго нь оршдог юм. Оролцогч болгон машин бүрийн 500 фунт, тэгээд хүмүүнлэгийн хандив 1000 фунтийг тушаах ёстой юм. Дээрээс нь аяллын үед амь насаа алдаж бэртэж гэмтэх юм бол арга хэмжээг зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурна. Би Лондонгийн зах дээрээс 300 фунтээр машин авч бага зэрэг засаад Улаанбаатар хүрэхээр аялалд оролцсон юм. Арай гэж хүрсэн, арга хэмжээ зохион байгуулагчид машиныг хандив нэрийн дор үлдээх тохиролцоо танай улстай хийсэн байсан. Зүгээр орхих, аль эсвэл зарах гэхээр хуучин машиныг нэвтрүүлэх татвар өндөр гэсэн. Монгол Ралли-г зохион байгуулагч нар бүх машинаа дуудлага худалдаагаар иргэдэд борлуулаад, ашгийг нь Монгол улсад хандивлаж байна гэх нэрээр татвараас зайлсхийж, буцаж тэр машинуудыг авч явах хүнд ажлаас биднийг салгасан юм” гэж надад хэнэг ч үгүй ярилаа.

Тэр залуугийн хэлсэн зүйл надад нэгийг бодогдуулсан юм. Мэдээж адал явдалд дуртай олон залуус уг арга хэмжээг таашаан дэмжиж, оролцож байгаа байх. Харин Азидаа хамгийн ядуугийн нэг бөгөөд хамгийн сайхан байгальтай улсад аяллаа дуусгаж байгаа нь санаандгүй хэрэг биш юм байжээ.
Өнөөдөр Монгол Ралли-гийн тухай бодит мэдээллийг сонсоод “Монгол бол хогийн сав биш шүү” гэж тус арга хэмжээг зохион байгуулагчдад хэлмээр санагдлаа. Монгол улсад хууль цааз байдаг шүү дээ! Тэр нь хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хуучин машин гэдэг бол байгаль орчинг бохирдуулахаас гадна эвдрэл хэмхрэл их гардаг тул эзэмшигчийг нь санхүүгийн бэрхшээлд оруулж, замын хөдөлгөөнд саад болж, бусад иргэдийн ажил амьдрал, сэтгэл санаанд хохирол учруулдаг билээ.

Үнэхээр Монгол Ралли гэдэг нь нийгмийн арга хэмжээ мөн үү? Монголчуудын амьдралд тус болоод байна уу? Монгол улсыг сурталчлаад байна уу? Хуучин машины хогийн сав гэж таниулаад байгаа юм биш биз? Энэ талаас нь бид бас л бодох ёстой юм.
Социализм задрахаас өмнө Японд хуучин машины хогийн асуудал хурцаар тавигдах болсон ажээ. Жижиг газар нутагтай улсад тэдгээр хогоо шамшийлгаад хогийн цэг дээр өрж хадгалдаг байсан гэсэн. Харин соц систем задарч тэрхүү хогийг нь худалдан авах улсууд бий болсноор Япон улс техникийн хог, байгаль орчны асуудлаа шийдэж чадсан ажээ.
Баян тансаг улсын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх аргаа олж, адал явдалтайгаар цагаа сайхан өнгөрөөж, хог дээр хаягдах машинуудаа гадагшаа гаргаж байгаа арга нь энэ биш биз?
Хүн амьдралдаа ганц ч болов адал явдалтай учрахыг хүсдэг билээ. Нүүдлийн түүх соёлын залгамж болох Монгол улсыг сонгож аялж буйг би гүнээ дэмжиж байгаа ч, тэр хогийг эх нутагт минь хаяад явж буйг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудад хандив өгч байгаа нь сайн боловч гудамжаар багтахгүй шахам явах машинууд дээр дахин олон зуун хог жил бүр нэмж байгааг шүүмжилмээр байна.
Монгол улсын хууль тогтоомжийг даган машиныхаа татвараа төлж, жинхэнэ утгаараа хөрөнгө оруулбал болохгүй гэж үү? Хандивлаж байна гэх нэрээр хогоо үлдээж буй ажил нь зогсох гээд байна уу? гэж уг арга хэмжээг зохион байгуулагчдаас асуумаар боллоо. Нийгмийн эмзэг давхаргад тусалж буй нэрийдлээр хүн бүрт үйлчлэх ёстой хууль тогтоомжид цоорхой гаргаж, зөрчиж байгаад үнэхээр дургүй хүрмээр санагдлаа.

амай

Энэ хогийг заавал үлдээх хэрэг байна уу?


Жил бүр зохиогддог энэ арга хэмжээний дараа Монголд хичнээн хог орж ирсэн тухай хэн ч мэдэхгүй. Нэг удаагийн арга хэмжээнд л гэхэд мянга гаруй хүн оролцдог гэж дуулсан. Харин юм үзээгүй, үнэгүй л бол улс эх орны эрх ашиг, байгаль дэлхий, нийгмийн хямралыг огт бодолгүй гарын үсэг зурж байдаг албан тушаалтнууд нэгийг бодох цаг болжээ.

Энэ асуудлыг манай хэвлэл мэдээлэл хүлээн авч “Яагаад олон мянган төмрийн хог бидний амьдрах орчин, байгалийг минь сүйтгэсэн хэрнээ татвар төлөхгүй, хэсэг жуулчдыг баясгаад, биднийг хохироогоод байна аа?” гэдгийг албаны хүмүүсээс асуугаасай гэж бодож байна.

Монгол бол хогийн сав биш шүү!


Миний эх орон байгалийн унаган төрхөө хадгалсан ертөнцийн ховорхон нутаг хэвээрээ байгаасай гэж би хүсэж байна.

Би Монгол Ралли гэх адал явдалт арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм биш. Харин хуулийн цоорхойг овжин ашиглаж, өөрийн нутагтаа байсан төмрийн хогоор сайхан аялж, улмаар онгон байгальтай гэх Монгол нутагт минь хаяад явж байгааг эсэргүүцэж байгаа юм.

Оросын Холбооны Улс, Казакстан, Дундад Улсууд ийм тэнэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул ийнхүү “Сайхан Монгол нутгийг сурталчилж, хандив өргөж байна!” гэж хошхируулаад, хэрэглэсэн хогоо хаяад явж байна даа.

Ингэж болно гэж үү монголчуудаа?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан