Зарлагдсан ханш USD 1936.77
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.22
25
Өдөртөө
7
Шөнөдөө

Н.Болормаа: Бүгдээрээ Н.Энхбаяр даргын хүн байлаа

2011 оны 11 сарын 16

"Хүүхдийн төлөө үндэсний төв"-ийн дарга, БСШУ-ны сайд, НИТХ-ын дарга гэх мэт өндөр албан тушаал хашиж явсан УИХ-ын гишүүн асан, "Хүүхдийн" гэх тодотголтой Н.Болормаатай уулзлаа.

-2008 оны сонгуулиас хойш сураг чимээ алдарсан. Хаагуур яваад байна вэ?

-2009 онд ээж минь удаан хугацаагаар өвдсөн учраас гадаад, дотоодод эмчлүүлэх шаардлагатай байлаа. Гэхдээ намын ажлаас нэг их хөндийрөөгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Дундговь аймагт ажиллалаа. Харин 2010 оноос эхлэн Монголын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч, Хүүхдийн эрхийн төвийн тэргүүн, МАН-ынхаа дэргэдэх Залуучууд гэр бүлийн байнгын хороог удирдаад явж байна. Өндөр албан тушаал хашаагүй гэдгээр улс төрөөс хөндийрсөн гэж ойлгож болохгүй.

-Таны нэр МАН-аас МАХН руу явах хүмүүсийн жагсаалтад байнга шахам бичсээр ирсэн. Их жанжин Д.Сүхбаатарын байгуулсан нам руугаа явах бодол санаа байсан уу?

-Миний хувьд намынхаа уугуул нэрийг авах саналыг анхнаас нь байнга дэмжсээр ирсэн. Соц интернид элссэн цагаас намын нэрийг солих санаачилга яригдаж эхэлсэн. Би УИХ-ын гишүүн байхдаа ч, НИТХ-ын дарга ч "Хувьсгалт" гэдэг үгийг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. МАН нэрээ шинэчлээд ажиллаж байгааг зөв гэж боддог. Тийм учраас би зөв талд нь байна. Цөөн тооны хэсэг хүмүүс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдээд салсан. Уг нь бол "Эвтэй байхдаа хүчтэй"

-Н.Энхбаяр даргыгаа дагаад явах болов уу гэсэн хардлага байсан байх шүү?

-Хавдар судлалын үндэсний төв дээр ээжийгээ сахиад байж байхад л Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийг зохион байгуулаад явчихсан яриа гарсан байна лээ. Тэр болгонд хариулт өгөөд байдаггүй. Улс төрийн нам лидерийг дагадаггүй. Тухайн үед бүгдээрээ л Н.Энхбаярын хүн байсан даа.

-Та тэр хүмүүсийг нэрлээч. Сү.Батболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар Н.Энхбаярын хүн мөн үү?

-Их л олон хүнийг нэрлэх болно. Бүгдээрээ Н.Энхбаяр даргын хүн байлаа шүү дээ.

-Таныг тэргүүн хатагтай О.Цолмонгийн фракц гэдэг байлаа шүү дээ?

-Намын XXVI их хурлын өмнө ийм яриа гараад л байсан. Тухайн үед бүгдээрээ л Н.Энхбаяр даргын үзэл баримтлалыг дэмждэг байсан юм. Тэргүүн хатагтай О.Цолмонтой Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш уулзаагүй. Би тийм ойр дотно байгаагүй. Манайхан нэг магтахаараа тэнгэрт хийсгээд муулахаараа газар доогуур ортол туйлшрах юм.

-Тухайн үед Н.Энхбаярын гэр бүлийн урд хойно гүйдэг улс байлаа шүү дээ.Одоо муулаад яваа нөхдийг хараад юу гэж боддог вэ?

-Манай ээж "Хүнийг ядарч явахад хүнлэг хандаарай" гэж захидагсан. Н.Энхбаяр улс даргын үзэл бодлоороо салаад явлаа шүү. Тэр хүн биднийг буруутгаагүй. Н.Энхбаярыг хүчтэй байхад урд хойно нь гүйдэг байсан олон хүн бий. Одоо сайд дарга нарын ажил алба хашаад л явж байгаа шүү.

-Та МАХН-ын XXVI их хурал дээр Ерөнхий сайд М.Энхболдыг газрын наймааны загалмайлсан эцэг гээд авч өгсөн. Тэр шүүмжлэл ирж яваа цагаа мэдрээгүй зүйл байсан уу?

-Харин ч цаг үеэ мэдэрсэн шүүмжлэл байлаа. Манай нам 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулъя л гэвэл газрын наймаанд нэр холбогдоогүй хүнээр удирдуулах ёстой гэж хэлсэн. Тэгээд нэр цэвэр С.Баярыг намын даргаар тавьсан нь зев шийдэл байсан юм. Гэхдээ тэр шүүмжлэл одоо хүртэл байсаар байгаа.

-Шадар сайд М.Энхболдыг их зуумхай хүн гэж сонссон?

-Би тэр шүүмжлэлээс болоод одоо хүртэл ажилгүй явж байна.

-Н.Энхбаярт Эрүүгийн хэрэг үүсгээд байгаа Хэвлэх үйлдвэр, "Өргөө" зочид буудлын хувьчлалын талаар асуумаар санагдлаа. Та тэр үед НИТХ-ын дарга байсан даа?

-Тиймээ. Улсын байцаах газраас өнгөрсөн өвөл дуудаж байцаалт авсан. Тухайн үед юу болсныг асуусан л даа. 2007 оны наймдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нийслэлийн өмчийн алдагдалтай газруудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс албан тоот оруулж ирсэн. Албан тоотод нийслэлийн өмчид бүртгэлтэй "Өргөө" зочид буудал, салбар нь Богд ууланд байдаг юм билээ. НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцээд "Төсөл сонгон шалгаруулах журмаар энэ асуудлаа оруулж ир" гээд буцаасан л даа.

-Цаад талд нь Н.Энхбаяр байсан уу?

-Цаад талд хэн байгааг мэдээгүй. Тэр төсөл нь “Өргөө” зочид буудлыг татан буулгая, хувийн өмчтэй хамтарсан компани байгуулъя" гэсэн санал байсныг буцаасан. Хэсэг хугацааны дараа Засаг дарга Ц.Батбаяр тендер зарлаж сонгон шалгаруулалтаа хийгээд ирсэн. Ингээд НИТХ дэмжсэн юм. Улсын мөрдөн байцаах газар шалгаад НИТХ хуулийн дагуу ажилласан байна гэж мэдэгдсэн шүү.

-"Өргөө" зочид буудлын хувьчлал ёс журмын дагуу явагдсан юм бол өнөөдөр яагаад хэл ам татлаад байна. Улс төржилт юм болов уу?

-Ямар нэг хариулт өгмөөргүй байна. Нийслэл өмчөө сайжруулаад хувийн хэвшлийг татна гэдэг зөв зүйл. Ер нь нийслэлийн олон өмч хувьчлагдаа биз дээ. Миний хайртай пионерийн зуслангууд хүртэл хувьчлагдсан.

-Хамтарсан компанийн хувь ямар харьцаатай байсан бэ?

-Одоо ямар болсныг мэдэхгүй. Тухайн үед нийслэл 25 хувийг эзэмшдэг байсан.

-Сүхбаатарын талбайг таллаж зарсан асуудал бий шүү дээ. Тэр үеийн бичиг баримтад таны гарын үсэг байдаг юм билээ?

-Тухайн үед юу болсныг тайлбарлая. Сүхбаатарын талбайн урд талын сайжруулаагүй хэсэгт усан оргилуур барих, цэцэрлэгт хүрээлэнгийн доогуур нүхэн гарц байгуулах төсөл орж ирсэн.Тэр нүхэн гарц дотор нь үйлчилгээний төв байгуулахаар тусгагдсан байлаа. Нийслэлийн Засаг даргын бүх хэлтэс, албадууд орж ирээд танилцуулсан. Үнэхээр сайхан төсөл байсан учраас НИТХ дэмжсэн. Төсөл сонгон шалгаруулах, хэнд өгөх эсэх нь Засаг даргын мэдэлд байсан. Одоо хугацаа нь дууссан биз дээ.

-Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр харилцан гөвшилцөж байна шүү дээ. Та юу гэж бодож байна вэ?

-Ажиглаж байгаа хүний хувьд "Хэрэггүй юм даа. Хоёулангийнх нь рейтэнг унана даа" гэж бодсон.

-Саяхан нэгэн сайтын санал асуулгаар таны нэр нэгдүгээрт явж байсан байх шүү. 2012 оны УИХ-ын сонгуульд бэлдээд эхэлсэн юм шиг харагдана лээ?

-Яг үнэнээ хэлэхэд сонгуульд нэр дэвшихгүй. Би тэр сайтуудын санал асуулгыг мэдээ ч үгүй байсан. Намынхаа ар талд ажиллана даа.

-Муу нуухаар сайн илчил гэсэн үг байдаг. Сүүлийн хоёр жил шахам таныг нөхрөөсөө салжээ, энэ тэр гэж шуугилаа шүү дээ?

-Хүний хувийн амьдрал гэр бүлийн хүрээнд л байх ёстой. Улс төрчдийн ар гэрийн амьдралыг ил гаргаад байх нь зохимжгүй. Та асуусан болохоор хариулъя. Би анхныхаа нөхөртэй хамт амьдрахгүй байгаа.

-Хүүхдүүд том болсон биз?

-Би энэ төрийн өмнө эх хүнийхээ үүргийг сайн биелүүлсэн. Хоёр хүүхэд маань өндөр боловсрол эзэмшлээ, тусдаа гарлаа. Би ч цоглог эмээ болсон шүү дээ. Эмээ болох сайхан юм байна.

Т.Цогт-Эрдэнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан