Налайх дахь “Хаан” банкинд халдаж, хүний амь нас хохироосон А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган шүүх юм.
Хуралд илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэ-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцохоор болжээ.
Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн. Хэрэг гарах үед Н.Туяагийн нөхөр орж ирсэн бөгөөд тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн билээ.
Тиймээс хоёр шатны шүүхээс түүнд цаазын ял оноосон хяналтын шатны хуралдаанаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон юм.
Б.Чимэг