МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд өчигдөр Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт албан ёсны шаардлага хүргүүлэв. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатарын хуульч гишүүд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрх хамгаас илүүтэйгээр зөрчигдөж байгаа тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын эрхийг эдлүүлэх, цаашид хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллахад анхаарах хэрэгтэй” гэжээ. Мөн Бааварын бичлэгийг олон нийтэд дэлгэхийг хүсчээ.
Харин үүнд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Бааварын гал гарах үеийн бичлэгээс зөвхөн түлэгдэж байгаа хэсэг нь устсан байна лээ. Энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл” хэмээн хариулсан байна.
Өнөөдрийг хүртэл Бааварын бичлэгийн асуудлаар ШШГЕГ-аас таван өөр тайлбар хийж, олон нийтийг төөрөгдүүлж байсан. Тухайлбал, ШШГЕГ-аас Бааварын ар гэрийнхэнд “Гал гарах үед камер ажиллаагүй байсан”, сэтгүүлчдэд “Дотоод журмын дагуу бичлэгийг олон нийтэд дэлгэх хориотой”, Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Бичлэг алга болсон”, харин Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяанд “Тухайн үед бичлэг унтраастай байсан”, ШШГЕГ-ын дарга Б.Ядамдорж “Гал гарах үеийн бичлэг устсан байна билээ. Тиймээс бичлэгийг сэргээнэ” гэсэн хачирхалтай тайлбаруудыг өгч байсан бол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “устсан” гэх мэдээллийг өглөө.
Юутай ч бичлэг устаж. Тэгэхээр Баавар үнэхээр өөрийгөө шатаахыг завдсан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг батлахад бэрх болов.
Харин түлэгдэж, гэмтсэн Бааварын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно. Тэрээр өөрөө шүүх хуралд хүрэлцэн ирэхгүй бол хэргийг нь тусгаарлан шүүх хурлыг үргэлжлүүлнэ хэмээн эх сурвалж мэдээлээд буй.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1179)