24 цаг сайт
Японы мэргэжлийн сумогийн дээд цолыг хүртсэн Д.Бямбадоржийн амьдралыг
фото зургуудаар нь дэлгэж байна.
24
цаг сайт Японы
мэргэжлийн сумогийн дээд цолыг хүртсэн Д.Бямбадоржийн амьдралыг фото
зургуудаар нь дэлгэж байна.
Итгэл. Анх
2000 онд Японы мэргэжлийн сумогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд
гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж
буюу мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь
ёкозуна байв. Бямбадорж багаасаа барилдаж байсан учраас бөхийг мэднэ,
хүчийг гадарлана гэж итгээд Японы сумод хөл тавихаар шийджээ.
Ээжээс бусад нь бөх.
Яах аргагүй бөхийн удам гэж Д.Бямбадоржийг хэлнэ. Түүний аав нь
үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь
аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин, авга ах нь МҮБХ-ны
тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Энэ сайхан
удам түүний их амжилтын цөм болсон аж. Сайн аавын хүү учраас нэрийг нь
хугалахгүй сайн бөх болж аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй
онгоцонд сууж, 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Японд газардав.
Анхны нэр Ама. Ама
нэр авсан Д.Бямбадорж 2001 оны нэгдүгээр сард анх гараанд барилджээ.
Тэрээр 2004 оны 11 дүгээр сард Макучи, 2006 оны тавдугаар сард Комусуби цолд хүрчээ. Хэдий тийм ч амжилтаа бататгаж чадаагүйн улмаас
Маегашира цолд буцан очжээ.
Баярт үйл явдлын гашуун нулимс.
2007 оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын
усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа
алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн
харууслын нулимс байв. Магадгүй аавдаа энэ амжилтаа үзүүлсэн бол хэмээн бодсон ч байж болох. Олны хүндэтгэлийг хүртсэн улсын заан Р.Давааням
гуай 2007 оны нэгдүгээр сард авто машины ослоор таалал төгссөн юм. Хэдий
тийм ч хатуужил зоригийн эзэн Ама Хацу Башёд 10:5-ийн амжилт үзүүлж
Комусуби цолоо буцаан авсан байна.
Зовлого
зовохоос зорилго мохохгүй. Энэ үгийг Д.Бямбадорж хэлэх дуртай. Хичнээн
зодуулж, бие нь ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсныг
хамт суралцсан нөхөд нь ярьдаг. Их аварга Д.Дагвадорж түүнд “Чи
өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол түүнээс хоёр дахин илүү
хөдөлмөрлө” хэмээн хэлжээ. Д.Бямбадорж нэгэнт хол ирснийх ирснийх ээж,
аавыгаа баярлуулна хэмээн ихэд хичээж, ахынхаа хэлснийг мөрдлөг
болгосоор 2007 оны тавдугаар сард Секиваки зиндаанд хүрчээ.
Амархан олдоогүй Озеки. 2008 оны нэгдүгээр сард Ама Хакухог ялсан ганц бөх. Хэдий тйим ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн Озеки цолд хүрч чадаагүй юм. Харин тус оны долдугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёгуудад амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр Озеки цолоо тунхаглажээ.
Хайртай нэрээ Харумафүжигаар солив.
Түүний багш Ояката Озеки болсон мөчөөс эхлэн Амад Харумафүжи хэмээх нэр
өгчээ. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, Ума бол хүлэг
морь, Фүжи бол Японы сүрлэг хайрхан. Учир нь сумод багшийн үг хууль.
“Багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би "Тийм ээ багшаа энэ
алим байна" гэж л хэлнэ” хэмээн Харумафүжи ярьжээ. Түүний багш Исэгахама
Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ.
Зэвсэг. Бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харумафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж. “Гэхдээ сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн мэхийн эзэн дурсжээ.
Барилдааны нэг өдөр. Сумочид
барилдаантай өдөр эрт босч, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд
очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ
самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд
дахин үсээ самнуулна. Үлдсэн минутанд чмээгүйхэн сууж анхаарлаа
төвлөрүүлнэ. Харумафүжи энэ ёсыг 13 дахь жилдээ мөрдөж байна.
80-аас 126-д.
Арлын Японд очсоноос гурван жилийн дараа буюу 19 настайдаа Макучи
зиндаанд ороход Харумафүжи 97 кг жинтэй болжээ. Хоёр сарын дараа Жүрёод
гарахдаа 10 кг таргалж, дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй
барилдаж байв. Одоо харин 126 кг жинтэй болов.
Ах нар. Анх Японд очиход алтан хараацай болсон ах нар маань байсан болохоор сайхан байсан хэмээн Ама хожим нь дурсжээ.
Бас ах нар. Өдгөө Монголынхоо дүү нарын ах нар болсон Амагийн үеийнхэн цагийг зугаатай өнгөрүүлсэн нь энэ.
Хамгийн дотно ах. Сумогийн
ертөнцөд түүний хамгийн дотны хүн бол багшаас гадна их аварга
Д.Дагвадорж. Дагваа агаа өөрийнхөө туршлага хүмүүжлээс дүүдээ дандаа
сургана. Харин тойрч гардаггүй жамаар ах, дүү хоёр олон удаа учраа
таарчээ. Харумафүжи ахыгаа 2008 онд ялахдаа сэтгэл өндөр байв. Учир нь
аварга ахыгаа унагаасан ч энэ нь түүнээс сайн суралцсанаа харуулсан том
бэлэг аж.
Түүнийг Ёкозуна болоход нь их аварга "Lexus570" машин бэлэглэж талархсан сэтгэлээ илэрхийлсэн.
Гавьяат тамирчин. Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан Харумафүжид 2009 онд Монгол улсын гавьяат тамирчин цол олгосон юм.
Харамын сэтгэлийг хаасан хань.
Д.Бямбадорж сумогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз
бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Мөн л энэхүү дүрэм ёсоор
энэ оныхоо есдүгээр сард сүй тавьж буй талаараа хэвлэлийн бага хурал
хийж олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Харумафүжиг Монголчууд япон
бүсгүйтэй гэрлэчих вий гэх хармын сэтгэлээр бодож байсан ч 2011 онд
монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Нэгэнтээ аав нь
миний хүү монгол охинтой гэр бүл болоорой гэж захисныг тэрээр хуримынхаа
үеэр Японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Түүний эхнэр М.Баттуул Японы
Иватэгийн их сургуулийг төгссөн.
Хүүхдэд хайртай аав. Харумафүжиг
Японы ард түмэн хүүхдэд хайртай, зөөлөн ханддаг гэдгээр нь онцолдог.
Түүний маамуутай авахуулсан зургууд интернэтэд олон. Харин энэ зурагт
тэрээр ууган охиноо тэвэрсэн байна.
Түүнийг
нэг хэсэг Монголын хэвлэлүүд архинд дурлах болсон хэмээн бичиж байв.
Архинд дурласан хүнээс ийм амжилт гарах нь юу л бол.
Арлын Японы шог зураач Ёкозунаг ингэж зуржээ.
Тэрээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн
сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм.
Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” гэж ярьсан
байна.
Аварга болов. 2012
оны есдүгээр сарын 23 бол Монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Харин энэ өдөр Хакухо Даваажаргалыг давснаар нэг ч
ялагдалгүй хоёр дараалан түрүүлж Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их
аварга болсон билээ. Монголын хүү монголыг давж аварга болсон түүхэн бид
бид мартахгүй ээ.
Харумафужи есдүгээр сарын 26-нд Ёкозуна цол хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ээж н.Мягмарсүрэндээ үнсүүлж бас нулимс унагаж байна. Энэ үед Р.Давааням гуай байсансан бол хэмээн олон Говь-Алтайчууд баярлахын хажуугаар халаглаж байв.
Эзэн хааны цол гардуулах ёслол дээр. Д.Бямбадорж эхнэр М.Баттуул, ээж н.Мягмарсүрэн, охин Нямжаргал, Хишигжаргал нарын хамт.
Монголчуудын үе. 28
насандаа Харумафүжи мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь,
Монголын гурав дахь ёкозуна боллоо. Монголын ард түмнийг баярлуулсан 71
дэх бас дөрөв дэх аварга хэн байх бол?
Амархан олдоогүй Озеки. 2008 оны нэгдүгээр сард Ама Хакухог ялсан ганц бөх. Хэдий тйим ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн Озеки цолд хүрч чадаагүй юм. Харин тус оны долдугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёгуудад амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр Озеки цолоо тунхаглажээ.
Зэвсэг. Бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харумафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж. “Гэхдээ сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн мэхийн эзэн дурсжээ.
Гавьяат тамирчин. Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан Харумафүжид 2009 онд Монгол улсын гавьяат тамирчин цол олгосон юм.
Харумафужи есдүгээр сарын 26-нд Ёкозуна цол хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ээж н.Мягмарсүрэндээ үнсүүлж бас нулимс унагаж байна. Энэ үед Р.Давааням гуай байсансан бол хэмээн олон Говь-Алтайчууд баярлахын хажуугаар халаглаж байв.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (28)