24tsag.mn энэ удаа Facelook буландаа Буриадын ард түмний дундаас хамгийн
өндөр албан тушаалд томилогдсон нэгэн эрхэмийн амьдралын түүхийг дэлгэж
байна. Энэ хүн Буриад зоны хамгийн өндөр ноён оргил нь билээ. Бас
Монгол төрийн хугарашгүй ноён нуруу, Монголын ард түмний бахархал,
бишрэл юм. Түүний намтар хамгийн ээдрээтэй, хамгийн харамсалтай, хамгийн
халгаатай шийдвэрүүдээр дүүрэн. Ингээд хэзээ ч мартагдашгүй их
хэлмэгдүүлэлт, ардчилсан хувьсгал, алдарт 20-р тогтоол, картын бараа,
алт диллерийн хэрэг гээд сенсаацитай түүхийг хамтдаа эргүүлцгээе.
24tsag.mn энэ удаа Facelook буландаа
Буриадын ард түмний дундаас хамгийн өндөр албан тушаалд томилогдсон
нэгэн эрхэмийн амьдралын түүхийг дэлгэж байна. Энэ хүн Буриад зоны
хамгийн өндөр ноён оргил нь билээ. Бас Монгол төрийн хугарашгүй ноён
нуруу, Монголын ард түмний бахархал, бишрэл юм. Түүний намтар хамгийн
ээдрээтэй, хамгийн харамсалтай, хамгийн халгаатай шийдвэрүүдээр дүүрэн.
Ингээд хэзээ ч мартагдашгүй их хэлмэгдүүлэлт, ардчилсан хувьсгал, алдарт
20-р тогтоол, картын бараа, алт диллерийн хэрэг гээд сенсаацитай
түүхийг хамтдаа эргүүлцгээе.
Мартахын аргагүй гунигт дурсамж: Их хэлмэгдүүлэлтийн үед “Монголын нууц товчоо”-нд гардаг шиг тэргэний мөрнөөс дээш гарсан буриад эрчүүдийг хүйс тэмтэрчээ. Дандаа эмэгтэйчүүд нь үлдэж. Хонио муулах гээд эр хүн хайна. Эмэгтэйчүүд нь оройжин уйлна. Эхнэр нь нөхөрөө, ээж нь хүүгээ хүлээнэ. Тэд нь ирэхгүй. Эр хүний мөрөөсөл болсон байсан даа. Манай нутагт чинь хүүгээ есөн нас хүрэхээр нь эр хүн боллоо гэж ярина. Энэ бол Д.Бямбасүрэн гуайн гунигт дурсамж. Түүний туулсан амьдрал. Буриадуудыг ийм болтол нь хомроглон устгасан юм. Хувь заяаны түүх сонин. Хэлмэгдүүлэлтийг ингэж гааруулсан Оросуудыг хожим Буриадын хүү Монголоос хөөх болно. Энэ тухай та тун удахгүй уншина.
Хүсэхэд хяссан ч хожим тун хэрэг болсон мэргэжил: Аграномич эсвэл инженер. Жижиг эд зүйлс, ялангуяа цахилгаанаар ажилладаг жижиг машин эвлэгхэн хийчихдэг түүний хүссэн мэргэжил нь эд байв. Харамсалтай нь түүнийг сургуулиа төгсөхөд эдгээр мэргэжлийн элсэлт байхгүй байлаа. Даш гуай хүүгээ албадсаар 1960 онд ОХУ-д эдийн засагч мэргэжлээр сургахаар явуулсан нь эргэж ирээд Статистикийн төв хороонд орох үндэс болсон юм.
Ю.Цэдэнбалын дэмжлэгээр: Түүнийг анх улс төрд гаргаж, өндөр албан тушаалд томилсон хүн бол Ю.Цэдэнбал юм.
Бид ингэж амьдарч чадахгүй: Эрдэнэт
үйлдвэрийг ашиглалтад орсны дараа Орос ах нар зэсийн баяжмал дундаа
оруулан алт, мөнгө гээд олон эрдэнэсийг үнэгүй авдаг байжээ. Үүнд
дургүйцсэн Д.Бямбасүрэн тэргүүтнүүд Ю.Цэдэнбал гуайгаар Л.Брежневт хоёр
орны хамтарсан үйлдвэрүүдийг ашигтай болгохоор захидал бичүүлэхээр болж.
Захидлын төслийг уншсан Ю.Цэдэнбал “Чамд нэг дутагдал байна. Их
тойруугаар бичсэн байна. Шууд хэл” гэжээ. Тэгээд “Бид ингэж амьдарч
чадахгүй” гэж захидлын төслийн буланд улаан харандаагаар биччихээд явуул
гэсэн байна. Ингээд л манайхан Оросуудынхаа бодлогоос зөрж эхэлж. Энэ
алдарт захидал Ю.Цэдэнбалыг ЗХУ-т гэрийн хорионд суулгах эхлэл болсон
юм.
БНМАУ-ын сүүлчийн, Ардчилсан Монголын анхны ерөнхий сайд: Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа түүнийг Ардчилсан хувьсгалын хамгийн анхны Ерөнхий сайдаар томилсон юм. Тэгэхэд манай улс БНМАУ гэсэн нэртэйгээ байлаа.
Тамын ажил: Ерөнхий сайдын ажил бол тамын ажил. Шөнө гэртээ ирэхэд бүх бие янгинана. Зөвхөн толгой биш. Яс хүртэл янгинана гэж тэр нэгэнтээ хэлсэн юм.
1990 онд Монгол Улс хоёрхон саятантай байжээ: Юмны
үнийг хоёр дахин нэмж байгаа учраас банкинд 10 мянган төгрөгнөөс доош
хадгаламжтай иргэдийн мөнгийг хоёр дахин нэмээд дээшхийг нь нэмээгүй юм.
Тэгэхэд 10 мянган төгрөгнөөс дээш хадгаламжтай хүн монголд 651 байжээ.
Түүний хоёр нь сая төгрөгнөөс дээш хадгаламжтай байв. Энэ бүх хүмүүс
алдарт 20-р тогтоолын “ачаар” төгрөгөө цаас болохыг үзсэн. Бас банкинд
итгээгүй гэртээ мөнгөө нууж, эргэлдүүлж байсан иргэд бүр ч их хохирсон
билээ. Тэрээр ийм зоригтой шийдвэр гаргаснаа одоо ч зөв гэж боддог. 10
мянган төгрөгнөөс дээш хадгаламжтай 651 иргэнийхээ мөнгийг нэмж
чадаагүйдээ, бас гэртээ мөнгөө хадгалж байсан хүмүүсийн мөнгийг өсгөж
өгөх ямар ч боломжгүй байсанд одоо болтол харамсаж явдгаа нуудаггүй. Бас
мөнгөтэй хүмүүст нэг боломж үлдээсэн. Мөнгөтэй хүмүүсийн мөнгийг
хамгаалах гэж тухайн үед үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмээгүй. Тэд
мөнгөний ханш унасан ч үнэ нь өсөөгүй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах
боломжийг үлдээсэн. Гэхдээ үүнийг хүмүүс ойлгодоггүй юм л даа гэж тэр
санаа алддаг юм.
Kартын бараа: Энэ системийг бас Д.Бямбасүрэн гуай нэвтрүүлсэн. Тухайн үед бүх юм ЗХУ-аас хамааралтай. Манай улсын гадаад худалдааны 85 хувь ЗХУ-аас хамаарч байж. ЗХУ задраад манай улсад туслах ямар ч боломжгүй болов. Тиймээс өөрийн оронд байсан хүнсээ урт хугацаанд иргэддээ хүргэх гэж ийм системийг бодож олсон. Тэр хугацаандаа өөр эх үүсвэр хайсан. Хэрэв Монголоос өөр улсууд тийм чанга картын бараанд гэнэт шилжвэл босох байсан даа. Миний ард түмэн мөн ч их тэвчээртэй шүү гэж тэр хожим шүүрс алдсан.
Гавьяа: Ямар ч байсан тэрээр шилжилтийн эхний жилүүдэд хүн амаа өлсгөлөнд нэрвэчихгүй аваад гарсан юм.
Дуулиант алт диллерийн хэрэг: Түүнийг Ерөнхий сайд байх үед энэ алдарт хэрэг дэгдсэн юм. Ерөнхий сайдаар томилогдоод яг арав хонож байхад нь банкны нэгдүгээр орлогч Данзан гэгч “Манай улс валютаа диллерийн алдагдалд алдаад дууслаа” гэж цус харвуулам мэдээг дуулгажээ. Сандарч тэвдсэн Засгийн тэргүүн Монгол банкинд шалгалт оруулахад Д.Содном гуайг ерөнхий сайд байхад одоогийн дэд сайд О.Чулуунбат 1989 оны 12 сарын 31-ний шөнө диллерийн гүйлгээ хийж 12.4 сая доллар алдсан байна. Дараа нь Ш.Гунгаадорж гуайг зурвасхан Засаг тэргүүлэх үед манай улс 47 сая доллараа бас тавиад туучихжээ. Ингээд 60 сая долларыг алт диллерийн хэргээр тавиад туучихсаныг мэдсэн Д.Бямбасүрэн уг хэргийг тодорхой хугацаанд нууцлахыг үүрэгджээ. Учир нь энэ мөнгөний хэмжээг ард түмэн мэдсэн бол шууд босно. Өмнөх хоёр ерөнхий сайд нь холбогдох хүмүүстэйгээ шоронд орно. Хамгийн гол нь Монгол банктай гүйлгээ хийх гадны банк олдохоо болино. Тэгээд манай улс дампуурлын ирмэгт хүрэх учраас хэсэг хугацаанд нуухыг зарлигджээ. 1991 онд Д.Бямбасүрэнг хөдөө яваад ирэхэд нь Монгол банкийг Засгийн газрын мэдлээс гаргаж Улсын бага хурлын мэдэлд шилжүүлчихжээ. Энэ явдлын дараа 1991 оны 8 сарын 19-ний шөнө 32 сая доллараа бас алт диллерийн гэх гүйлгээнд алдчихжээ. Ингээд манай улс 92 орчим сая доллараа тавиад туучихжээ. Хожим энэ бүх мөнгө хаашаа орсныг судлаад үзэхэд ОХУ-ын гурван банк, Австрид байдаг ОХУ-ын оролцоотой нэг банкинд шилжжээ. Д.Бямбасүрэн гуай энэ үйл явцыг “Kоммунист дэглэм нуран унахдаа алтынхаа нөөцийг гадагш нь зөөсөн оппераци байжээ” хэмээн дүгнэсэн юм. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээлгүй өнөөг хүрлээ. Ард түмэн хариуцлага нэхсэн хэвээр. Хэрэг хуучирдаггүй!
Оросуудыг хөөж гаргав: Түүнийг Ерөнхий сайд болоход Монголд ЗХУ-ын 100000 цэрэг байж. Тэрээр ЗХУ-ын энэхүү 100000 цэргийг эх нутагт нь илгээсэн юм. Нэгэн цагт эцэг өвгөдийг нь хэлмэгдүүлэн устгасан Оросуудыг тэр хөөж гаргах хувьтай байв.
Оросын тагнуулын байгууллагуудыг ч бас хөөж гаргав: Тухайн
үед Монголд Оросуудын дэлхий дахиныг тагнадаг хоёр том обьект байж. Нэг
нь дэлхийг бүхэлд нь хянаж байдаг цахилгаан соронзон орны объект. Нөгөө
нь радио тагнуулын объект. Оросууд эдгээр объектуудаа үлдээх гэж. Манай
төр засгийнхнаас ганцхан Д.Бямбасүрэн гуай хүчтэй эсэргүүцэж байгаад
бүх тоног төхөөрөмжтэй нь хөөгөөд явуулж. Хожим нь энэ талаараа “Хэрэв
тэдгээр объект, тоног төхөөрөмжийг үлдээвэл монголыг дэлхийг тагнаж
байна гэнэ. Бас олон улсын дэмжлэгийг авах боломжгүй болно. Дээр нь энэ
хоёрыг үлдээвэл цөмийн цохилтын бай болох байсан” гэж тайлбарласан юм.
Оросыг хүндэтгэх үнэлэмж: Оросууд
өвөг дээдсийг минь хэлмэгдүүлсэн ч гэсэн хүндээр өвдсөн байхад амийг
минь аварч, эрдэм номтой болгосон учраас тэднийг муулах сэтгэгдэл
төрдөгүй. Халхын голд ЗХУ-ын 22000 цэрэг амиа өгч байхад Монголчуудаас
2400 хүн амиа алдсан. Үүнийг Монголчууд хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс
Оросуудыг муулах ямар ч үндэслэлгүй гэж тэрээр тайлбарладаг юм.
Бүх хүүхдээ гадаадад сургуульд явуулсангүй: Эхлээд Монголдоо сурч монгол хүн болсныхоо дараа гадаад явах ёстой гэж сургамжилсан юм.
Чи муухай шүү дээ. Нэг ч удаа надад гар хүрээгүй: Түүний хань өвдөөд хэвтэж байхдаа энэхүү үгийг хэлжээ. Тэрээр 40 жил ханилахдаа нэг ч удаа гэргийтэйгээн ам муруйж байгаагүй гэсэн. Залууст сургамж болох сайхан жишээ юм.
Далай ламаас гуйсан цорын ганц хүсэл: Тэрээр гэргийгээ өөд болсны дараахан Далай багштай очиж уулзжээ. Хань минь өөд боллоо. Төрлийг нь надад жаахан ойртуулж өгөөч гэж. Далай багш ном уншиж залбирлыг нь хүлээн авч. Харин одоо бага хүүгийнхээ охиныг ханийнхаа сүнс хэмээн Монгол ёсоор бодож залбирдаг.
Анхны ерөнхийлөгчид өгсөн тангараг: Тэрээр анхын ерөнхийлөгч П.Очирбаттай уулзаад улс төрд зүтгэж байх хугцаандаа бизнес хийхгүй гэж ам тангараг өгч байжээ.
Бүгдийг санана:
Д.Бямбасүрэн гуайн дурсамж яриа бүхэн он, сар, өдөртэй. Аливаа зүйлийг
нарийн тод тогтоож, санадаг нь түүний мэргэжлийн туршлага гэж хэлж
болно.
Философич: Тэр сэргэн мандлын философийг номлодог сэхээтнүүдийн нэг билээ.
Баячуудын төр засаг тогтлоо:
Тэрээр одоогийн төр засгийг ингэж тодорхойлдог. Өөрийн улсаа зэрлэг
капитализм руу их хальтарч байгаад санаа зовж явдаг цөөн хүмүүсийн нэг.
Хүн өөрөө өөрийнхөө туулсан амьдралд харамсахгүй байх ёстой. Үүнийг л сэтгэл ханамж гэдэг.
Эрх чөлөө бол ухамсарласан хариуцлага юм.
Эрх чөлөө бол ухамсарласан хариуцлага юм.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (85)