Нийслэлийн цагдаагийн 401 алба хаагч маргааш буюу Бямба гарагт Б.Цэрэндоржийн гудамжинд гимнастик хийнэ. Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, бүх нийтийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд сурталчлахад цагдаагийн алба хаагчид ингэж оролцох юм. “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд болохоос гадна 12 дугаар сарын 08-нд болох Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөнийг угтаж байгаагаар онцлогтой ажээ. Монгол улсад анх удаа зохион байгуулж буй цагдаан нарын гимнастикт зөвхөн ахлагч бүрэлдэхүүн оролцоно. Тодруулбал дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч цолтой хүмүүс оролцох юм. Гимнастик 11.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт орших Б.Цэрэндоржийн гудамжинд болно.
Б.Ганбилэг