“Сургуулийн удирдлагуудтай уулз. Удирдлагууд л мэднэ”
СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай эрэгтэй А гэгч нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хэргийн талаар тодруулахаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 29-р сургуулийг зорьлоо. Энэ сургууль нь хоёр дотуур байртай юм байна. Харин нэгдүгээр дотуур байрны хоёр давхараас хүүхэд унаж нас барсан аж. Ингээд хэргийн талаар тодруулахаар сургуулийн захирал, дотуур байрны багштай уулзах гэсэн боловч халгаасангүй. Уг нь сургуульдаа хичээлийн эрхлэгч, дотуур байрны багш, сургуулийн захирал Батсайхан гэх хүн байгаа гэсэн боловч үүдний жижүүр нь “байхгүй. Гадуур ажилтай байгаа” гэсэн үгээр далдалж уулзахыг зөвшөөрсөнгүй. Уг нь хоёр дотуур байрыг ээлжийн харуул, манаач нар харж хонодог аж. Гэтэл хэрэг гарсан өдөр жижүүр байхгүй байсан талаар эх сурвалж мэдээллээ. Үүнийг ч бататгаж үүдний жижүүрүүдтэй уулзахад “би тухайн өдөр ээлж гараагүй амарч байсан. Тэр өдөр ямар жижүүр байсныг мэдэхгүй” гэж байв.Мөн дотуур байрны багш, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзаж зарим зүйлийг тодруулах гэсэн ч дээрээс нь хэнд ч юу ч ярьж болохгүй гэж тушаасан бололтой бараг л зугтах шахуу явцгааж байлаа. Тэд “сургуулийн удирдлагуудтай уулз. Удирдлагууд л мэднэ. Хэнд ч энэ хэргийн талаар ямар ч тайлбар өгөхгүй гэж байсан” гэж яг л үгээ нийлүүлчихсэн аятай хэлсэн юм.
Багш нарынх нь хүртэл суртлаас болж хүүхдүүд дотуур байрнаасаа зугтахыг хүсдэг үү?
Ингээд энэ сургуулийн дотуур байрны багш хийгээд нөхцөл байдлынх нь талаар ойр орчмынх нь иргэдээс зарим нэгэн зүйлийг тодруулахад, “Энэ сургуульд асуудал их байдаг юм шиг байна лээ. Наад зах нь багш нар нь сонсголгүй, хэлгүй хүүхдүүдэд хичээл зааж байж дохионы хэл сайн мэддэггүй гэж сонссон. Тиймээс хүүхдүүд хичээлээ ч сайн ойлгож чадахгүй, сурах эрмэлзэл муутай байдаг гэсэн. Уг нь дээд сургууль багшийн мэргэжлээр сурсан ийм төрлийн хүүхдэд хэрхэн хичээл заахаа мэддэг багш байх ёстой. Гэтэл хөгжлийн бэрхшээлгүй, бас мэргэшээгүй тийм хүмүүсийг ажилд авдаг. Түүнчлэн багш нарын хүнд суртал их гэж сонссон” гэв.Тэгэхээр энд нэг л сайхан орчин бүрдүүлсэн дотуур байр байдаг хэрнээ багш нарын ааш авир тааламжгүй уур амьсгалаас болж хүүхдүүд дотуур байрнаасаа гарч зугтахыг хүсдэг байж болох юм. Хүүхэд хаана ч байсан дуртай үедээ гарч үе тэнгийнхэнтэй тоглож уужим агаар амьсгалах бүрэн эрхтэй. Гэтэл энд хүүхдүүд сургууль, дотуур байр хоёрын дунд л явдаг. Бусад цагт гарч, орох эрх байдаггүй бололтой. Тэр дундаа бага насны хүүхдүүдийг хашаан дотор нь ч гаргадаггүй талаар иргэд хэлж байв.
“Хүн бүр ганц аяга хоол иддэг учир их өлсдөг”
Хоёр дотуур байрны нэгдүгээр байранд нь хөвгүүд, хоёрдугаар байранд нь охид амьдардаг аж. Охидын байранд 80 сурагч, хөвгүүдийн байранд 78 сурагч амьдарч байна. 21 аймаг болон хотод хол гэртэй, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд энд амьдардаг аж. Нэг тасагт 4-6 хүүхэд байдаг гэнэ.Дотуур байранд өглөө 07.00 цагт, өдөр 12.00, шөнө 19.00 цагуудад хоол өгдөг байна. Хүн бүр ганц аягыг л иддэг. Тэгэхээр хүүхдүүд их өлсдөг аж. Арай том гэснүүд нь чөлөө авч дэлгүүр ороод байгаа мөнгөөрөө бичень , чихэр авч иддэг байна. Харин бага насны сурагчид нь гарч чадахгүй, дээрээс нь хоол муутай, тоглоомын өрөө байдаггүй зэрэг зүйлээс болж их уйддаг талаар эх сурвалж хэлж байлаа.
-Хэрэг яг хэдний өдөр гарсан бэ?
-Энэ сарын 7-нд гарсан хэрэг.
-Хэрэгт холбогдуулж хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?
-Сургуулийн захирал, удирдлагууд, дотуур байрны багш бүгдийг нь шалгаж байгаа.
-Хүүхэд яг унасан даруйдаа нас бараагүй эмнэлэгт хүргэгдсэн хойноо амиа алдсан гэл үү?
-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан.
Нас барсан хүү ийм салхивчаар унажээ
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (44)