Манай улсын хэмжээнд нийтдээ 400 тахь байгаа гэж үздэг. Энэ нь тахийг мөхлөөс хамгаалахад хангалттай тоо биш учраас цаашид тахь нутагшуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Чех улсаас манайд дахин дөрвөн тахийг тээвэрлэн авчирч, Говь-Алтай аймгийн Бугамт сумын нутаг тахийн талд нутагшуулсан аж. 1992 онд Говь-Алтай аймгийн тахийн талд 5 тахь авчирч, түүнээс хойш Европоос хэд хэдэн удаа тахь нүүлгэн авчирч байсан. Тэндхийн тахины 32 нь гадаадаас тээвэрлэн авчирсан тахь байгаа бол үлдсэн 68 хувь говьдоо төрж өссөн тахиуд гэнэ. Тахь бол бидний үед үлдсэн дэлхийн сүүлчийн, цорын ганц зүйл жинхэнэ зэрлэг адуу юм. Үүнээс өөр нэг ч зүйл жинхэнэ зэрлэг адуу байхгүй. Дэлхий дээр адууны төрлийн 7 зүйл амьтан байдаг бөгөөд үүний 3 нь зебра, 3 нь хулан цорын ганц жинхэнэ зэрлэг адуу нь тахь юм байна. Дэлхийн ихэнх оронд тахийг амьтны хүрээлэнд хамгаалдаг ч зэрлэг байгальд нь нутагшуулж байгаа газар цөөн. Тийм ч учраас цорын ганц зэрлэг адууг сэргээн нутагшуулж, авран хамгаалах ажил хийгдсээр байна. Тахийг сэргээн нутагшуулах нь зөвхөн тахь биш, тухайн бүс нутгийн экосистемийг хамгаалах ажиллагаа юм.