Кувейт Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад парламентийн ордон барих тухай яриа 2007 оноос эхэлж өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Кувейтийн талаас уг ордонг барихад нийтдээ 12 сая доллар олгохоо мэдэгдээд байгаа ч Монголын тал ордон барих газрынхаа байршлыг тогтоож чадалгүй өдийг хүрсэн. Шинээр баригдах парламентийн ордонг төрийн ордонтой залгаа ар талын цэцэрлэгийн 1/3-тэй тэнцэх талбайд барина гэсэн нь олон жилийн настай ногоон байгууламжаа устгаж, төнхөх гэж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж гацаанд ороод байсан. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг асуудлыг судалж үзээд уг байршилд шинэ ордон барих ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн ордны барилгын эхний блок 1951 онд ашиглалтанд орсон бөгөөд газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй барилгын тоонд орох болсон аж. Тиймээс шинэ ордон барих ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Шинээр баригдах ордон нь 14 давхар байх бөгөөд ордны ар талын цэцэрлэгийн өвгөрч сэргэхгүй болсон мод бутыг чөлөөлж гаргах замаар 1/3 талбайд баригдах бөгөөд одоогийн төрийн ордны хоёр талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгохоор төлөвлөж байгаа аж. Тэгэхээр ногоон байгууламжийн эзлэхүүн багасахгүй нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн чуулганы танхим, байнгын хорооны танхимуудыг шинээр байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийн өрөөг нэгдсэн стандартай болгож, зөвлөх туслахуудын өрөө тасалгааг нэг хэв загвартай болгох юм байна. Уг ордныг байгуулахад 54 орчим сая доллар шаардагдах бөгөөд кувейтын талд тусламжийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх саналыг тавиад байгаа юм байна. Тэд уг саналыг нааштайгаар шийдвэрлэвэл энэ хавартаа багтаж шинэ ордон барих ажил эхэлнэ гэдгийн УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатар хэлж байна.
Сэтгэгдэл (3)