Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө УИХ-ын гишүүдийн дунд багагүй маргааныг дэгдээлээ. Зарим гишүүд нь үүнийг яаралтай батлах нь зөв гэж үзэж байгаа бол нөхцөл байдлыг улам муутгах аюул байгааг сануулах байр суурьтай гишүүд мөн олон байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Энэ төлөвлөгөө эдийн засгийг эрчимжүүлэх биш, хямралыг эрчимжүүлэх төлөвлөгөө болж байна. Яагаад гэвэл хамгийн түрүүнд дахиад л өр тавина гэсэн асуудал оруулж ирлээ. Энэ Засгийн газар хангалттай өр тавьсан. Чингэс бонд гэж 1.5 их наяд доллар, самурай бондын 250 сая доллараас гадна өмнөх Засгийн газар 1.4 их наядын өрийн бичиг гаргах эрхийг үлдээсэн. Өр тавьж эдийн засгийг сайжруулдаггүй юм. Хэрвээ ингэж сайжруулдаг бол сайжрах цаг нь аль хэдийн болсон. Гэтэл ямар үр дүн гарав. Долларын ханш 1800 төгрөг боллоо. Монгол Улсын иргэн бүр 4 сая төгрөгийн өртэй боллоо. Ийм байхад нэмж өр тавина гэдэг асуудал нь өөрөө энэ улс орны эдийн засгийг улам хямруулах алхам болно. Тиймээс Засгийн газар энэ саналаа татаж аваад МАН-ын бүлгээс дэвшүүлсэн саналуудыг хэрэгжүүлэх ёстой" гэсэн утгатай байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл (7)