Дэлхийд ганцхан Монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмын тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулснаар энэ жилээс эхэлж таван өдөр баяр наадмаа тэмдэглэж зуны дэлгэр цагт алжаалаа тайлан амрах болсонд иргэд талархалтай байна. Баяр наадмын эхний хоёр өдөр наадамчин олон маань төв цэнгэлдэхээ бараадаж, харин үлдсэн өдрүүдэд агаар салхинд гарч амарсан нийтлэг дүр төрх ажиглагдаж байлаа.
Уламжлал ёсоор Улсын баяр наадмаар төв цэнгэлдэхийн эргэн тойронд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энхтайвны гүүр даваад 120 мянгат, 19-р хорооллын замууд түгжирч, наадамчид орон сууцны байруудын гадаа талбайд хөл гишгэх зайгүй шахам болтол автомашинаа байрлуулцгаасан юм. Ялангуяа баяр наадмын нээлтийн өдөр Энхтайвны гүүрийг давж тойрон 120 мянгатад машинаа байрлуулах гэсэн иргэд тэр хавьдаа хоёр цаг холхисон гэж ярьж байв. Монголчууд эртнээс нааш баяр наадмаар хөлөг морьдынхоо сайныг шилж унадаг уламжлалтай. Энэ сэтгэхүй нь хотын амьдралын хэв маягт шингэж төв цэнгэлдэхэд очихдоо өөрийнхөө унаа тэргээ угааж цэвэрлэн очихыг илүүд үздэг болсон юм. Баяр наадмын үеэр цэнгэлдэх орчмын замын хөдөлгөөнийг зохицуулахаар замын цагдаа, хэв журмынхан хоёр өдөр наранд хатаж, бороонд цохигдож шороонд хутгалдаж ажилласан юм. Наадмаа үзэх гэсэн иргэд ч олон цагаар түгжрээд ч хамаагүй төв цэнгэлдэхээ бараадаж байлаа.
Хөл хөдөлгөөн ихтэй нөхцөл байдалдаа иргэд ч журам сахиулагчид ч эвлэрч хэн хэнээ хүндэтгэсэн туйлын хүлээцтэй байсан нь сайн хэрэг. Гэтэл журам сахиулагчдад захирагдахгүй, бусдынхаа хөдөлгөөнд саад болдог хэсэг бүлэг хүмүүс наадамчин олныг багагүй бухимдуулаад авсан юм. Тэд бол хаанахын хэн болох нь үл мэдэгдэх машиныхаа орой дээрээ тусгай гэрэлтэй, дуут дохио хангинуулсан нөхөд юм. Улсын баяр наадмаар төр засгийн албан тушаалтнууд хийгээд наадамчин олонд зориулж зорчих эрхийн тусгай зөвшөөрөл өгдөг. Харин тэдний тусгай дохио энэ зөвшөөрлийг орлов бололтой. Зохицуулагчийн дохио зөрчиж урсгал сөрөх, хүссэн газраараа шахаж дайрч орох, таарсан замдаа машинаа тавьж бусдынхаа хөдөлгөөн саад их зэрэг тэдний гаргасан авир үйлдэлд наадамчин олон сэтгэл дундуур байсан юм. Нэг биш нэлээд хэд тэр тусмаа урд жилүүдийнхээс ч их ийм тусгай гэрэлтэй машинуудтай болжээ гэж наадамчин олон эгдүүцлээ илэрхийлж байлаа.
Угтаа бол тусгай болон дуут дохиог хэрэглэх хууль бий. Түүнд тусгаснаар “Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ” гэжээ. Мөн иймэрхүү дохио гэрэл хэрэглэж байгаа машинууд байгууллагынхаа нэр хаягийг тавих, зөвхөн тусгай үүрэг гүйцэтгэж байгаа хойшлуулашгүй шаардлагатай үед зохицуулагчаас бусад дүрмийн заалтаас гажиж болно гэж эрх хэмжээг нь тодорхойлсон байдаг. Гэтэл ямар үүрэгтэй, хаанахын хэн гээч нь мэдэгдэхгүй дуут дохио, тусгай гэрэлтэй машинууд ардчилсан засгийн үед дэндүү олширчээ. Тэд үүргийнхээ төлөө биш ямбаныхаа төлөө үүнийгээ хэрэглэж, баяр наадмаар иргэдээ дээрэлхэж, хөдөлгөөн зохицуулагчдыг үл тоомсорлосон байдал гаргаж байгаад наадамчид ихэд дургүйцлээ илэрхийлж байлаа.
Уг нь хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан ажлаа авмагцаа энэхүү журмыг өөрчилж ийм төрлийн тусгай хэрэгсэлтэй бүх тээврийн хэрэгсэл байгууллагынхаа хаяг тэмдэгийг тавихаар болсон. 2012 онд гэхэд 159 байгууллагын 211 машин тусгай дуут болон гэрэл дохио ашиглаж байна үүний 56 хувь нь журмын дагуу 44 хувь нь журмын бусаар ашиглаж байна гэсэн мэдээллийг өгч байсан билээ. Гэтэл сайдын тушаал зөвхөн цаасан дээр үлдэж төрийн данхар албанд дарга сэтэр зүүсэн болгон орой дээрээ улаан гэрэл залахыг чухалчлах болжээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар ЗЦГ-аас өгдөг байсан зөвшөөрлийг ЦЕГ-т шилжүүлснээр тусгай болон дуут дохиотой машин хөлөглөдөг хурган дарга нарын тоо улам ихэссэн байна.
Иргэддээ үйлчлэхийн төлөө биш илүүрхэж, гайхуулж, хууль дүрэмгүй давхихын төлөө улаан цэнхэр гэрэл залагчид хаанахын ямар албан тушаалтан болох, мөн ийм төрлийн хичнээн автомашин байгаа талаар мэдээлэл өгч журмын бусаар оройдоо гэрэл залсан хурган дарга нарын нэрсийг нээлттэй болгох нь зүйтэй. Цэгцлэнэ гэж ярьсан дохио хангинуулагчид чинь цэцэглээд байгаа юм биш үү Х.Тэмүүжин сайд аа.
24tsag.mn
Сэтгэгдэл (2057)