Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр батлан даалтад гарсан хугацаандаа гадуур явж байгаад Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулсан байдаг. Улмаар шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Харин Г.Сарангэрэлийн хувьд Д гэгчид зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгчид зодуулсан бус харин Г.Сарангэрэлийг уг эрэгтэйг зодсон эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар Г.Сарангэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг.
Г.Сарангэрэл өмнө нь хоёр удаа шүүхээр шийтгүүлж байсан. Хар тамхины хэргээр саяхан ял сонссон бол өмнө нь хулгайн хэргээр мөн шүүхээр ял сонсож байсан юм. Шүүхээр гурван удаа ял сонссон этгээдийг хуулийн дагуу онц аюултай гэмт этгээдэд тооцдог. Тэгэхээр энэ удаад Г.Сарангэрэлд үүсгэсэн танхайн хэрэг шүүхээр шийдэгдвэл Г.Сарангэрэлийг 19-хөн насанд нь “онц аюултай гэмт хэрэгтэн”-д тооцох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно холбоотой байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ шуугисан. Гэхдээ Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нар хайр сэтгэлийн холбоотой байсан ч холбоогүй байсан ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ хэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэж үзэх хүмүүс байна. Учир нь Г.Сарангэрэлийг 28 настай залууг зодсон гэж танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зохион байгуулалттай хэргийн золиос болж байгаа нь батлагдаж байна юм.
Мөн уг мэдээллийг авсан иргэдийн хувьд ихэд бухимдалтай байна. Учир нь 28 настай нас биенд хүрсэн залууг 19-хөн настай бүсгүй зодсон гэж хууль хяналтынхан үзэж байгаа нь нэг талаасаа өрөөсгөл юм. Үнэхээр энэ бүхэн үнэн бол Г.Сарангэрэлийг яллах биш харин шагнах хэрэгтэй гэх иргэд ч байна.
Түүнчлэн, 19-хөн настай бүсгүйд зодуулсан гэж ичихч үгүй заргалдаад буй уг залууг хэн нэгнээс хахууль авсан, бусдын гар хөлөөр энэ бүхнийг хийж байгаа байх гэсэн хардлага нийгэмд бий болоод байгаа юм.
Зодуулсан гэх залуугийн хувьд хамгаалалтын албанд ажилладаг. Гэтэл хамгаалалтын албаны 28 настай залуу дөнгөж 19-хөн настай охинд зодуулаад хэрэг үүсгүүлээд явж байгаа ийм л сонин зүйл нийгэмд үүсчихээд байна.
Үнэхээр хуулийн гаж тогтолцоо юу, эсвэл хэн нэгний захиалгаар хийж байгаа юу гэдгийг ч ялгахад төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Иргэдийн зүгээс Г.Сарангэрэлд зодуулсан хамгаалалтын албаны залууд хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Мөн 19-хөн настай охинд зодуулдаг хамгаалагч авч ажлуулсан уг хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг ч зогсоох хэрэгтэй гэж үзэх хүмүүс байна.
Юутай ч, Г.Сарангэрэлийг шүүхээс энэ хэрэгт буруутан гэж үзвэл 3-5 жилийн ял авах юм. Харин Г.Сарангэрэл өмгөөлөгч Г.Батбаяр энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, уг залууг мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн хэмээн гомдол гаргаад байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (72)