БНХАУ-ын тусгай бүс Хонгконгод сонгуулийн тогтолцоог эсэргүүцсэн олон нийтийн жагсаал газар авч, жагсагчид ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл Хятадын коммунист нам сонгуулийг 2016 онд явуулахаар болжээ. Энэ нь Коммунист нам жагсагчдын шаардлагыг харгалзаж, зөвшилцөлд хүрсэн онцгой үйл явдал бөгөөд Хятад аажим замаар ардчилагдаж байгааг гэрчилж байна гэж олон улсын зарим шинжээчид дүгнэх боллоо.
Хонгконгийн олон нийтийн радиогийн мэдээнд “Бүх Хятадын ардын тэргүүлэгчдийн их хурлын байнгын хороо 2016 оны Хонгконгийн тусгай бүсийн хууль тогтоох хурал, захирагчийг сонгох сонгуулийн журмыг баталлаа. Энэ нь Хонгконгийн талаар баримтлаж байгаа төвийн эрс шуурхай байр байдлыг илтгэхийн сацуу, тус хотын олон нийтийн санаа бодлыг харгалзаж улстөрийн тогтолцооны өөрийнх нь онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжүүлэхэд чухал алхам болж байна” гэжээ.
БХАТИХ-ын байнгын хорооноос баталсан журам ёсоор Хонгконгийн сонгууль хоёр үе шаттай явагдах аж. Эхний шатанд тус бүсийн өргөн төлөөллийг хамарсан нэр дэвшүүлэх хороо байгуулж ардилсан зарчмаар захирагчид нэр дэвшүүлнэ. Эдгээрээс хорооны гишүүдийн 50-иас дээш хувийн саналыг авсан 2-3 нэр дэвшигчийг ард нийтийн сонгуулиар захирагчаар сонгоно гэж заасан байна. Ийнхүү Хятадын коммунист нам Хонгконгийн асуудлаар шуурхай арга хэмжээ авснаар байдал намжих төлөвтэй байна гэж Хятадын албаны эх сурвалжууд мэдээллэж байна.
Коммунист нам Хонгконгийн өөрийн хөгжлийн онцлог болон, улстөрийн тогтолцоо, олон нийтийн санаа бодлын байр байдлыг хүндэтгэн үзэж аядуу тохиромжтой үзлээр хөгжлийг хангах бодлого баримталж ирсэн олон нийтийн радиогийн мэдээнд мөн онцолсон байна.