Улаанбаатарт 1600 төгрөгийн үнэтэй бензин Ховдод 2000 орчим төгрөгөөр зарагддаг. Гурил, будаа, хувцас, гутал гээд ахуйн хэрэглээний бүхий л бараа алслагдсан бүсүүдэд өндөр үнээр зарагдаж байна. Төвөөс алслагдсан аймгуудад ажлын байр хомс, орлогын эх үүсвэр хүрэлцээгүй байдгаас болж Хотыг чиглэх хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа. Хөдөө орон нутагт ард иргэдийн амьдрах орчныг хангаж, эдийн засагт нь дэмжлэг үзүүлэх, төврүү чиглэсэн нүүдлийг зогсоох, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Монгол улсыг хөгжүүлэхийн тулд алслагдсан болон говийн бүс нутгийн ард иргэдэд бүсийн нэмэгдэл олгодог байх асуудлыг 2008 оноос хойш ярьж ирсэн. Хоёр том намын бодлогод тусгалаа олсон ч өнөөдрийг хүртэл алс баруун хязгаар нутгийн иргэдэд бүсийн нэмэгдлийн бараа сураг ч сонсогдохгүй байгаад иргэд ихэд бухимдалтай байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийг 2011 онд өргөн барьж түүнийг хэлэлцэхийг дэмжсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна.
Харин энэ хооронд ард иргэдийн ахуй амьжиргаа улам хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ 20-60 хувиар өсч хөдөөд амьдрал улам дордсоор байна гэдгийг Ховдчууд төр засгийн удирдлагуудад дуулгахыг хүсч байна. Алслагдсан тэгш бус байдлаас шалтгаалж, говийн болон алслагдсан аймгийн иргэд бага орлоготой, өндөр төлбөртэйгээр оршин суусаар байх уу? гэдэг дээр хариулт өгөхийг хүсч байлаа.
Монгол Улс 1990 оноос өмнө буюу социализмийн үед говийн бүсийн нэмэгдэл тооцох гэх мэтээр улс орноо бүсчилэн хөгжүүлэх ард иргэдийн ахуй амьжиргааны тэгш байдлыг бий болгох бодлого баримталж ирсэн. Харин энэ бодлого зах зээлийн нийгэмд шилжснээс хойш алдагдаж эргээд сэргээх тухай асуудал яригдаж эхэлсэн ч өнөөг хэр шийдлээ олж чадахгүй байна.
Сэтгэгдэл (22)