АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-нд буюу мягмар гарагийн орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлан Төв аймгийн урьдчилан хориход саатуулснаас хойш хоёр сар орчим хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд түүний өмгөөлөгчид хэд хэдэн хэвлэлийн хурал зарлаж, Л.Гансүхийг баривчлан саатуулснаас хойш нэг ч удаа байцаалт аваагүй, өмгөөлөгчтэй нь хүртэл уулзуулахгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Л.Гансүхийг өөрийнх нь туслах болон Н.Алтанхуяг сайдын туслахаар ажиллаж байсан М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг гэх гурван залуугийн хамт баривчлан хорьсон байдаг. Өнөөдөр Л.Гансүхтэй хамт хоригдож буй гурван залуугийн эцэг, эх болон өмгөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Э.Төмөрбаатарын аав А.Эрхэмбаяр, М.Тулгын ээж М.Эрхэмхүү, Г.Батхуягийн ээж Ж.Сумъяасүрэн нар ирсэн. Эдгээр гэр бүлийн төлөөлөл “Мөрөөрөө ажлаа хийж явсан хүүхдүүд өнөөдөр гэм буруутан болчихсон гүтгүүлж байна. Төрийн гурван өндөрлөг минь хэл амаа ололцооч ээ. Монголын эгэл жирийн аавын хөвгүүдийг хийгээгүй хэргийн төлөө золиос болгон өдий хүртэл хорьж байна” хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм.
Ерөнхий сайдын туслах М.Тулгын хувьд нүүрсний үнийг, ялангуяа, иргэдэд очиж байгаа жижиглэнгийн үнийг хоёр дахин хямдруулах ажлыг зохион байгуулахад голлон ажиллаж байсан хүн. Нүүрсний үнэ өсөж байна, шуудайны хэмжээ улам жижгэрч байна гэхчлэн түлээ, нүүрстэй холбоотой санал иргэдээс олон ирдэг. Улаанбаатар хотод 6 кг хүрэхгүй жижиг тор нүүрс 1500, зарим газарт 2000 төгрөг. Харин Портер нүүрс 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэд нийгэмд, тэр тусмаа доод давхарга, тарчиг амьдралтай гэр хорооллын айл өрхүүдэд тулгамдаад байсан, одоо ч байгаа нүүрсний үнийг бууруулж, иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэж, дулаан өвөлжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол өгч, ажилласан байна. Ингэж ажиллахдаа хэзээ нэгэн цагт ард иргэдийн төлөө хийсэн ажлынхаа төлөө хоригдож, ажил амьдралаараа хохирно чинээ санаагүй, хийх ёстой ажлаа чин шударгаар хичээж хийж ирсэн гэлээ.
Ингээд Төв аймгийн хориход Л.Гансүхтэй хамт хоригдож байгаа залуусын нэг болох М.Тулгын ээж М.Эрхэмхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таны хүүг ямар хэрэгт буруутган өдий хүртэл цагдан хориод байгаа юм бэ?
-Миний хүүг албан тушаалаа урвуулан ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөнгө угаасан гэмт хэрэг гэдэг бол хууль бусаар мөнгө олсон гэсэн үг. Гэтэл миний хүү ямар ч мөнгө хууль бусаар олоогүй. Маш завгүй, ажил ихтэй байна гээд л өдөр шөнөгүй гүйгээд явдаг байсан. Ажилдаа маш үнэнч, хийж бүтээх юм их байна гээд ар гэртээ ч зав гаргалгүй ажиллаж ирсэн. Хүүгийн минь том охин энэ жил нэгдүгээр ангид орсон. Хүүхэд нь ааваараа хөтлүүлээд сургуульдаа орж ч чадсангүй. Бага хүү нь дөнгөж хоёр настай, энэ жаахан амьтдыг уйлуулаад аавыг нь баривчлаад явсан.
-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт буруутган шалгагдаж байна гэж ойлгож болох уу?
-Миний хүү энэ яригдаад байгаа нүүрсний хэрэгт ямар ч хамаагүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан. Ерөнхий сайдын тусахаар ажиллаж байснаараа өнөөдөр шалгагдаад явж байна. Энэ бол цэвэр албан тушаалын төлөөх төрийнхний дайн. Н.Алтанхуягийн дор ажилласан болон хажуу хавирганых нь хүмүүсийг муу муухай болгож харагдуулж, үнэмшүүлж, ерөнхий сайдын суудлаас нь буулгах гэсэн л оролдлого. Үүний цаана төрийн гурван өндөрлөг бие биенээ унагаах ашиг сонирхлын асуудал яригдаж байна. Ямар ч буруугүй залуусыг үндэслэлгүй хэлмэгдүүлэн хорьж, амь амьдралаар нь золиослож байгаад их гомдож байна. Төрийн гурван өндөрлөг хэл амаа ололцооч ээ, бие биенийгээ дарах унагах тэмцэлдээ айлын гэм зэмгүй үрсийг битгий үрээч, та бүхэн зүйрлэх үр хүүхэдтэй биз дээ гэж хэлмээр байна.
-Ямар ч гэм буруугүй юм бол яагаад хориод байна. Хэний буруу гэж үзэж байна?
-Шүүх цагдаагийн байгууллага, прокурорууд бүгд АТГ-ын мэдэлд орчихсон. Олон ч хүнийг гүтгэж хорьж байна. Тэр ч бүү хэл амь насаа алдахад хүргэж байна. Саатуулагдан шалгагдаж байсан хүн амь насаа алдсан хэрэг гарсныг хүн бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй адил миний хүүг гүтгэн хориод амь насанд нь аюул учирвал АТГ-аас амийг нь нэхэх болно. Үхсэн хүн үг хэлж чадах биш гээд хийгээгүй хэргийг нь үүрүүлж чадах нийгэмд бид амьдарч байна. Шударга төр, нийгэм гэж байдаг бол ажлаа хийгээч. Томчуудын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд жирийн иргэдийн хүүхдүүд хэлмэгдэж байна.
-Танай хүүг яг хэзээ баривчлан хорьсон юм бэ?
-Өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр гэрээс нь баривчлаад явсан. Тэрнээс хойш 57 хонож байна. Цаашаа сар сунгахаар ярилцаж байгаа гэсэн сураг сонсдож байна. Даанч яав даа.
-М.Тулга ямар ажил хийж байсан юм?
-Миний хүү нягтлан, эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуяг сайдын дор ажилладаг байсан. Спортын мастер, хөл бөмбөг тоглодог, 60 гаруй медальтай, олон жил спортоор хичээллэсэн.
-Биеийн байдал нь хэр байна?
-Одоо биеийн байдал болоод сэтгэл санааны хувьд тун муу байгаа. Нурууны гэмтлээ эмчлүүлэхээр хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Урьд нь спортоор хичээллэж байгаад нуруу, хөлдөө бэртэл авч байсан юм. Одоо аргаа барахдаа миний хүү өлсгөлөн зарлана гээд шийдчихсэн байна лээ. Бие нь муу, дээрээс нь өлсгөлөн зарлахаар яаж тэнхээ орох билээ дээ. Ингэж бодохоор хүүгийнхээ өмнөөс нэг хором ч тайван сууж чадахгүй байна, эгч нь нулимсаа барьж дийлэхгүй нь. (Тэрээр ийн хэлээд асгартал уйлж байсан юм).
Эх сурвалж:Mongol.com
Сэтгэгдэл (11)