Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Тэднийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэж АТГ-аас мэдэгдэн, цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд суурь өвчтэй байсан М.Тулгын бие муудаж хэвтэрт орсон талаар манай сайт мэдээлсэн. М.Тулга нь 2010 оноос нурууны дискний мултралтай байсан бөгөөд хоригдож байх хугацаанд нь ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн харгалзагч өшиглөснөөс болж сэдрээд байгаа юм. Батлан даалтад гаргах асуудлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд баасан гаригт хэлэлцсэн ч үргэлжүүлэн хорих шийдвэр шүүхээс гаргасан. Тиймээс дахин батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр шүүхэд гаргалаа. Шүүхээс уг хүсэлтэд 72 цагийн дотор хариу өгөх учиртай. Мөн М.Тулгын ар гэрийнхэн нь хүү нь хэвтэрт орсон байхад батлан даалтад гаргахгүй байгаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн яг одоо Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн гадна жагсаж байна.
Б.Чимэг