АН болон МАХН-ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний асуудал сүүлийн үед улс төрд дуулиан тариад буй. Уг асуудал нь АН-ын гишүүдийн шүүмжлэлийг нилээн дагуулаад байгаа. Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон ҮЗХ-ны гишүүд Ерөнхий сайдын уг үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээд түүнийг огцрохыг шаардаад байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар гэрээг дахин нягталж шалгаад намын гишүүддээ танилцуулах аж. Мөн хавсралт нууц гэрээг байгуулаагүй гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Энэ талаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Ардчилсан намын гишүүдийн дунд гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтууд зөрүүтэй байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид гэрээгээ нэг мөр ойлгодог болох хэрэгтэй байна. МАХН-ын даргатай ярилцаад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна. Нэгдүгээрт энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж, батлагдсаны дараа хүчин төгөлдөр болох учиртай. Хоёрдугаарт гэрээний доторхи зүйл заалтын асуудлаар нэг мөр ойлголт байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, засаж сайжруулахын тулд хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллахаар боллоо. Гуравдугаарт ажлын хэсэг гэрээний зүйл заалтын талаар нэг ойлголттой болсны дараа удирдах байгууллагуудаар оруулж батлуулья гэж тохирлоо. Сүүлдээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш, хоёр хүний хооронд байгуулсан гэрээ юм шиг гүтгэлэг, цуурхал тараах шинжтэй болоод байна. Өчигдөр Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаад, хуурамчаар эвлүүлж нууц гэрээ байгуулсан гэх гүтгэлэг гаргасан байна. Тиймээс бид хууль хяналтын байгууллагад хандаж, хэн хуурамч бичиг, баримт үйлдэж байгааг тогтооно.” гэлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Энэ гэрээ яагаад байгуулагдсан гэхээр 2012 оны сонгуулийн дараа хамтарч ажиллах шаардлагаас үүдэлтэй юм. Хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой тодорхой бичиг баримтаар эрх зүйн хүрээнд зохицуулж гэрээг байгуулсан. Тэрнээс биш огт хамтарч ажиллаагүй хоёр нам гэнэт гэрээ гаргаж ирээд гарын үсэг зурчихсан юм биш. Хэдэн сарын турш яригдсан гэрээ. Ардчилсан намын нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч байгаа. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулъя гэрээгээ бүр тодорхой болгоё гэсэн санал тавихад хүлээн зөвшөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэсэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эвгүй байдалд оруулах буруу зөрүү санаа бодол байхгүй. Цаашдаа улам идэвхтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)