Чуулганы хуралдаанаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай агуулга бүхий, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслүүд дээр УИХ –ын гишүүн С.Баярцогт “Байнгын хороон дээр арга нь өөр, санаа нь ижил төстэй хууль учраас нэгтгээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс гишүүдийг дээрх хуулиудыг их хурлаар шууд батлах нь зөв. Дараа нь байнгын хорооноос анхны хэлэлцүүлэгт оруулж ирэхээр нь ярилцах нь зүйтэй” гэсэн горимын саналыг хэлсэн. Гишүүд ч түүний горимын саналыг дэмжсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүллээ.