Эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газарт Өүлэн эх,
Тэмүжин хүүгийн дурсгалын хөшөө сүндэрлэх гэж байна. “Номт цагаан
тэнгэр” төвийн тэргүүн, судлаач С.Лхагважав, түүхч Ч.Ганболд, багш
Ч.Энхбаатар нар уг ажлаа ард түмний хандиваар бий болсон оюун санааны
шүтээн байлгахыг хүсч байна. Тиймээс их хааны мэндэлсний ойд зориулж 850
төгрөг хандивласан ч болно гэдгийг мэдэгдлээ. Одоогоор Цонжинболдогт
буй Чингисийн хөшөө нь дэлхийд хамгийн том нь юм. Үүний араас орохуйц
бүтээн байгуулалт хийж байгаагаа зохион бүтээгчид тайлбарлав. Хөшөөний
эх загварыг олон нийтэд танилцуулсан бөгөөд Тэмүжин хүүгээ баруун гартаа
тэврэн, нарны зүг саравчлан буй Өүлэн эхийг харууллаа. Уг хөшөөг 200
тонн орчим саарал боржин чулуугаар бүтээх бөгөөд өндөр нь суурьтайгаа
нийлээд есөн метр болох аж. “Тэнгэрийн хүү гэдгийг бодолцож Тэмүжиний
хүзүүнд сумны зэв зүүлгэсэн. Өүлэн эхийн толгой дээрх шонхор шувууг
алтаар бүрнэ. Хөшөөний суурины нүүрэн талд Чингисийн сургаалийг монгол
бичгээр сийлж, дээд тойрогт нь 12 жилийн дүрс, доод талд нь түмэн насан
хээ байх юм. Суурийн гадаргуу дээрх дөрвөн бөөрөнхий тулгуурыг ертөнцийн
дөрвөн хүчтэний дүрсээр чимнэ” гэж Ч.Энхбаатар ярилаа. Хөшөөг босгоход
510 сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ ажлыг “Үүдэн чулуу” компаний хамт
олон хийж гүйцэтгэнэ. Энэ хөшөө цогцолборыг ямар хүмүүүсээр
хамгаалуулах талаар ч бодсон гэдгийг санаачлагчид хэллээ. Мөн уг ажлаа
ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор явуулахыг хүсч, ил захидлаар
хүсэлтээ хүргүүлжээ. Ирэх гуравдугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Дадал
сумд байдаг Дэлүүн болдогт хөшөөг бүтээж эхлэх юм. Харин нээлтийг энэ
оны есдүгээр сарын 22-нд товлосон байна.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
ganbileg@24tsag.mn
Сэтгэгдэл (3)