Улс төрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх уу?
Ардчилалын анхдагчдын нэг С.Зориг агсан гэхээр л зарим хүмүүсийн цээж нь бугшиж, үлдсэн хүмүүсийн сэтгэл нь эмтэрдэг билээ. Тэгвэл энэ удаад бид С.Зориг агсаны хэргийн талаарх зарим зүйлсийг ард иргэддээ эргэн сануулахаар зориглов.
С.Зориг агсан зуурдаар нас бараад өдгөө 16 жил болчихжээ. Энэ хугацаанд түүний хэрэг шийдвэрлэгдэхгүй, сэжигтэн этгээдийг олж тогтоож ч чадахгүй өдий хүрлээ. Гэсэн хэдий ч уг хэрэг олны анхаарлын төвд байсаар. Магадгүй цагдаагийн даргыг улс төрийн хүчин, нам эвслээс томилж байгаа цагт энэ хэрэг илрэхгүй байж ч болох юм.
Мөн С.Зоригийн хэрэгт ач холбогдлоо өгч чадах нотлох баримтууд ч эхнээсээ устаж байгаа гэдэгт ард иргэд эргэлзэхгүй байгаа юм. Гэвч С.Зориг агсаны аминд хүрсэн этгээдийг нэг л өдөр олж, хэрэг явдлын цаад учир шалтгааныг тогтооно гэдэгт ч олон нийт итгэсээр.
Цаашлаад С.Зоригийн үхэлд хэн буруутай байж болохыг ч хүн бүр дор бүрнээ тунгаасаар.Таамагласан, сэжиглэсэн этгээдүүд байгаа ч хуулийнханд итгэж хүлээсээр. Ийм л байдалтайгаар цаг хугацаа өнгөрсөөр байгаа юм.
“Херо”-гийнхон С.Зоригийн аллагаар баримтат кино бүтээж байна
Тэгвэл “Монгол тулгатан” нэвтрүүлгээрээ алдаршаад буй “Херо” энтертайментийн хамт олон С.Зоригийн аллагын талаарх бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар “Херо”-гийн Б.Баатар найруулагч өөрөө үг цухуйлгаж суух юм. Тэд киногоороо С.Зориг агсаны аллагын талаар харуулаад зогсохгүй С.Зориг гэж ямар хүн байсан талаар Монголын ард түмэнд эргэн сануулах аж. Тэд ажлаа зоригтойгоор аль хэдийнэ эхэлжээ. Гагцхүү хэзээ төгсгөлөө хийж, “ямар цаг хугацаа”-нд ард иргэдэд хүргэх нь л тодорхойгүй байгаа юм. Тэдний бүтээлээс олон зүйлийн учир тайлагдаж, цоожтой хаалганы цаана буй далд зүйлс ч ил гаря магадгүй юм. Чухамхүү эл баримтат киног “төрөхгүй” байгаасай гэж хүсэгчид л уран бүтээлчдэд ямар нэг саад хийж, утга санаанд нь өөрчлөлт оруулчихгүй бол кино бүтсэн даруйдаа олны хүртээл болох биз ээ.
Хамгийн сүүлд С.Зоригийн талаар хэн юу гэв?
Сүүлийн үед зохион байгуулалттайгаар, урьдаас төлөвлөж С.Зоригийн талаар хөндөж байна. Ингэж хэлэхээр иргэн та магадгүй гайхшрах байх. Гэвч энэ бүхэн үнэн. “ТВ2” сувгийн бэлтгэн гаргадаг, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн олноо хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл энэ нэвтрүүлэг С.Зориг агсаны талаар гэндүүлсхийн хөндөөд байгааг та анзаарсан уу?. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хотын дарга Э.Бат-Үүл нарыг зочноор урин оролцуулахдаа С.Зоригийг орхигдуулсангүй. Нэвтрүүлэгч асуултаа ч тавьж, тэд хариултаа ч хэлсэн.
Х.Баттулга ба түүний нөхөд С.Зоригийн хэрэгт анхаарал хандуулж эхлэв үү?
Энэ бүхнээс харахад “Женко” Баттулгын “фракц” С.Зоригийн аллага, түүний түүхэн замнал, тайлагдашгүй бүхэн рүү шимтэн оржээ. Учир нь “Херо” энтертаймент, “Цензургүй яриа” зэргийн цаад эзэн нь Х.Баттулга. Түүний нөлөө, түүний удирдлага байгаа гэдгийг ч олон нийт харж байгаа. Тэгэхээр С.Зоригийн аллагын талаарх олон, олон асуултын хариуг Х.Баттулга олон нийтэд дэлгэхээр шийдсэн нь дээрх үйлдлүүдээс харагдаж байгаа юм. Х.Баттулга хийгээд түүний нөхөд аль хэдийнэ мориндоо морджээ. Гагцхүү хэр хурдан давхиж олон түмнийг баясгах вэ гэдэг хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Мэдээж ард иргэдэд зохиомол зүйл хэрэггүй. Зөвхөн баримтанд тулгуурсан үнэн л чухал. Энэ бүхнийг “Херо”-гийнхон яаж гаргаж ирэх бол?. Магадгүй энэ баримтат кино нийгмийг донсолгочиж мэдэх юм.
С.Зоригийн хэргээс улбаалж амиа алдсан нөхдийг эргэн саная
Нэгэнт С.Зоригийн талаар хөндөж байгаа хойно уг хэрэгт холбогдсон хүмүүс нэг, нэгээрээ хэрхэн амиа алдсан талаар энд сануулья. Магадгүй тэд аливаа хэргийн гэрч байх аминд ч аюултай гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулсан ч байж мэдэх юм.
С.Зоригийн хэргээс хойш энэ хэргийн улмаас амиа алдсан байж магадгүй гэх хүн амины хэрэг нэлээдгүй байгаа. Эдгээр амиа алдагсад бүгдээрээ ямар нэг сэжмээр С.Зориг агсны хэрэгтэй холбогддог. Олон нийтэд ил болсон тоймтой хэдээс нь дурьдвал:
1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр 4 давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан гэдэг. Амиа хорлох үйлдэл байв уу, гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү?
2. Хэргийн газар анх очиж талийгаачийн эхнэр Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Хэргийг осол гэж үзээд хаасан.
3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” учир битүүлгээр сураг алдарсан.
5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байсан гэдэг. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан.
7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан.
8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж тухайн үед өгүүлж байсныг сошиал ертөнцөд дэлгэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (47)