Яг одоо чуулганы хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эдийн засгийн хямрал улс төрийн хямралтайгаа хосолсон нөхцөл байдал үүсээд байна. Ардчилсан нам улс төрийн хатуу сорилыг давж чадахгүй өмнөх шигээ нугараад улс төрийн төлөвшил суугаагүй гэдгээ харууллаа. АН төр авч явж чадахгүй төсөөлөлтэй байна. Улс төрийн талаар хэрхэн төсөөлж ямар арга барилаар ажиллана гэж бодож байна. Танхимаа хэрхэн, яаж бүрдүүлэх вэ” гэв.
Түүний асуултад Ч.Сайханбилэг хариулахдаа “Эдийн засгийн хямрал улстөрийн хямрал болж магадгүй гэдэг болгоомжлолтой санал нэг байна. Шинээр байгуулагдах Засгийн газар бүтээлч байдлаараа хариулт өгч чадна. Би аливаа ажлыг сайн менежэр нугалдаг гэж боддог. Сурсан мэдсэнээ олонхи дээрээ тулгуурлаж явуулснаар үр дүнтэй ажиллаж чадах болов уу. Хямралыг зогсоох талаар арга хэмжээний төлөвлөгөө гаргана. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор үндсэн хана нь гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явна. Хямралтай холбоотойгоор жижиг өөрчлөлтийг хийнэ. Зөвшилцөл бий болгохын төөлө ажиллана. Ажлын ачаалала дааж явах хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ. УИХ дээр дийлэнх олонхийн дэмжлэг авсан Засгийн газар бүрдүүлэхийн төлөө ажиллана.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Та өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Хуучин кабенитаасаа хүмүүс оруулах уу. Нэрлэх боломж бий юу” гэлээ.
Харин нэр дэвшигч Ч.Сайханбилэг "Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороооноос бүх намуудтай зөвшилцөх үүрэг өгсөн, хамтарч ажиллах нь намуудын өөрсдийнх нь шийдэх асуудал гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хуучин шинэчлэлийн засгийн газрын зарим бодлогын ажил үргэлжлэх үү. Тухайлбал “Гудамж” төслийн ажил үргэлжлэх үү” гэв.
Нэр дэвшигч Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн ЗГ-ын зарим бодлого үргэлжлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөр байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид бензиний үнийн хөөрөгдөлд автаагүй. Мөн “Гудамж” төслийн ажил иргэдийн талархлыг ихээхэн хүлээгээд байгаа. Тиймээс энэ мэт ажлуудаа үргэлжлүүлнэ” гэв.
Гишүүд асуулт асууж дууслаа. Одоо нэр дэвшигчид хандан гишүүд үг хэлж байна.
Т.Энхэлээ