Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим
хүч хэмнэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажилласан, шинэ техник
технологи нэвтрүүлсэн иргэд, байгууллагуудад урамшуулал олгох шийдвэрийг
Засгийн газраас 2011 онд гаргасан. Энэ дагуу Агаарын бохирдлыг
бууруулах үндэсний хорооноос энэ оны шилдэг байгууллагуудыг
шалгарууллаа. “Гүүд шейрэнг”, “Жин вейл Монголиа”, “БТЖ” компани, “Сан”
групп, “Мичид энержи”, “Ультра соник” гэсэн зургаан аж ахуйн нэгжийг
шилдгээр нэрлэж, ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ болон дотоодын зах
зээлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчлах эрхээр
урамшууллаа. Эдгээр нь дулаан баригч, нано шатахуун, утаа сорогч шүүгч
зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг юм.